“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын III ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орлоо
“Цагдаа хотхон-Амгалан” орон сууцны цогцолбор нь анх 2016 онд “Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлөөс Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын орон сууцны барилга барихаар шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулагдсан юм.
Цогцолборын нэгдүгээр ээлжийн 180 айлын орон сууцны барилгын ажлыг /дулааны шугам 1 км, цэвэр, бохирын шугам 1.1 км, цахилгаан 750м газар газраар шинээр татаж, ДП болон ЦТП барилгыг шинээр барьж дэд бүтцийн хамт/ 2017 оны 12 дугаар сард, 2 дахь ээлжийн 180 айлын орон сууцыг 2018 оны 12 дугаар сард, харин 3 дугаар ээлжийн 180 айлын орон сууцыг 2020 оны 02 дугаар сард ашиглалтад оруулсан юм.
Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал болон албаны хүмүүс ашиглалтад орсон орон сууц болон дараагийн барилгын явцтай танилцлаа.
Энэ үеэр төслийн ажлын хэсгийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатараас дээрх барилгын ажлын явц байдлын талаар тодрууллаа.
“Цагдаа хотхон-Амгалан” орон сууцны цогцолбор нь 780 айл, 240 хүүхдийн цэцэрлэг /тохижилтын хамт/ барихаар төлөвлөж, сонгон шалгаруулалт явуулж, барилгын ажлын гүйцэтгэгчээр “ЦЭЭБ” ХХК шалгаран ажиллаж байна.
2017 онд нэгдүгээр ээлжийн 180 айлын орон сууцны барилгын ажлыг /дулааны шугам 1 км, цэвэр, бохирын шугам 1.1 км, цахилгаан 750м газар газраар шинээр татаж, ДП болон ЦТП барилгыг шинээр барьж дэд бүтцийн хамт/ 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлж, 6 сарын дотор барьж ашиглалтад оруулсан.
Цаашид тус хотхонд барихаар төлөвлөсөн 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын санхүүжилтыг улсын төсвөөр шийдвэрлүүлж, барилгын ажил 2020 оны 4 дүгээр сараас эхэлж, энэ оны 8 дугаар сард ашиглалтанд оруулахаар мөн ажиллаж байна гэв.