Д.БАДАМ-ОЧИР: 2020 оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийллийн хэргийг 32.3 хувиар бууруулж чадсан

2020 оны 4 сарын 30

Arslan.mnБаянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хошууч Д.Бадам-Очиртой ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цагдаагийн байгууллагад хэдэн оноос ажиллаж эхлэв. Төрийн сүлд, Цагаан шонхроо тэргүүндээ залсан энэ мэргэжлийн сайхан нь юунд байдаг бол?

-Уншигч Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би 2002 оны арваннэгдүгээр сард анх Цагдаагийн академийн анхан шатны дамжаа төгссөнөөс хойш 18 жил цагдаагийн албанд зүтгэж байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журмын тасгийн даргаар 2017 оны зургадугаар сард томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Анх Банк, дипломат байгууллагуудын хамгаалалт, шөнийн эргүүлийн 808 дугаар анги гэж байлаа. Тэнд би анх шөнийн эргүүлийн цагдаагаар томилогдож, улмаар тус ангидаа салаан дарга, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын машинт офицер, 2008-2020 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 12 дугаар хорооны хэсгийн байцаагч, ЦЕГ-ийн Нийтийн хэв журмыг хамгаалах газарт гэрээт цагдаа хариуцсан ажилтан, Тээврийн цагдаагийн албанд байцаагч, Албадан саатуулах төв буюу 111-д жижүүрийн ахлах офицер, харуул хамгаалалт дотоод ажил хариуцсан ахлах байцаагч, 2017 оны зургадугаар сард дүүргийнхээ Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга болж, цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжээс эхлэн дэвшин ажиллаж байна. Хүн ер нь ажиллаж байгаа орон зайдаа өөрийгөө бий болгох нь чухал. Тухайн хүн байхгүйгээр тэр ажил урагшлахгүй мэт л ажлаа хийх хэрэгтэй гэж би боддог. Үүнийгээ ч зарчмаа болгон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Цагдаагийн алба хэдий хүнд, хэцүү ч нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа болохоор энэ албаараа цаг бүр л бахархдаг юм.

Миний хувьд хэлтсийнхээ бүрэлдэхүүний 60-70 хувь буюу 110 гаруй алба хаагчийг хариуцдаг. 18 жил цагдаагийн албанд зүтгэхэд миний ажилладаг байсан салбарын хэв журмын дарга нар маш их үлгэр дуурайлал үзүүлдэг хүмүүс байлаа.

Би тэр алба хаагчдыг хараад тэдэн шиг л ажилладаг, ухамсартай, ажилч хичээнгүй хүн болно гэж боддог байв. Одоо тийм байхыг л хичээн ажиллаж байна даа. Хүнд хүчир байлаа гээд би энэ албанаас хэзээ ч шантраагүй. Анх Анагаахын шинжлэх ухааны их сургуульд орох гэж шалгалт өгөөд, эмчилгээний эмч болох байсан ч цагдаагийн албыг сонгон, мэргэжлийг нь эзэмшсэндээ баяртай байдаг.

-Баянзүрх дүүргийн хувьд хүн амын нягтрал ихтэй, газар нутгийн хувьд нийслэлийн томд тооцогддог.

-Манай дүүрэг 124.4 мянган га нутаг дэвсгэртэй, 358864 хүн амтай. Хүн амын нягтаршлаараа улсдаа нэгдүгээрт ордог, гэр хорооллын зонхилсон дүүрэг. Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иргэд, байгууллагаас хоногт ирж байгаа дуудлага, мэдээллээр улсын хэмжээнд хамгийн их ачаалалтай байдаг юм. Нийслэлд дуудлага, мэдээллээрээ дээгүүрт ордог Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн хоногт 100-120-ийг авдаг. Харин манай хэлтэс 120 дуудлага, мэдээлэл авбал хамгийн багад тооцогдоно. Өөрөөр хэлбэл, хоногт 200 орчим дуудлага, мэдээлэл хүлээж авдаг. Дээрх дуудлага, мэдээллийн дийлэнх нь зөрчлийнх. 120 дуудлага, мэдээлэл ирэхэд 100 орчим нь зөрчлийн буюу ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гудамж талбайд согтуугаар танхайрсан, хоорондоо маргалдсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, иргэдийн орон байранд хууль бусаар нэвтрэх буюу хулгайн гэмт хэрэг, хараа хяналтгүй тавьсан тээврийн хэрэгслийн эд ангийг хулгайлах гэмт хэрэг зонхилж байна. 

-Танай хэлтэс хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Манай хэлтэс хоногт 120-200 орчим дуудлага, мэдээлэл хүлээн авч байгаа талаар дээр өгүүлсэн. Тэгэхэд манай хэлтсийн хэмжээнд хоногт таван машин, 10 офицер, мөн тооны цагдаа-жолоочийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Тэгэхээр нэг офицер, цагдаа-жолооч хоногт 30-40 хэргийн дуудлагаар ажиллаж байна гэсэн үг. Гэтэл Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс зургаан тээврийн хэрэгсэлтэй. Хоногт авч байгаа дуудлага, мэдээлэл нь 50-60 орчим л байдаг. Тэгэхээр нэг ээлж нь 10 орчмыг л хүлээн авч байна гэсэн үг. Үүнээс үзэхэд, авч байгаа ачаалал нь харилцан адилгүй байгаа юм. Тиймээс нийслэлийн хэмжээнд цагдаагийн алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай гэж боддог. Эрүүлжүүлэх байранд гудамж талбай, олон нийтийн газар согтуугаар танхайрсан, гэртээ агсам тавьсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, ойр орчимдоо түгшүүр төрүүлсэн 30-60 хүн нэг шөнө л хонодог. Гэтэл тус байр нь НМХГ-аас гаргасан дүгнэлтээр хоногт 32 хүн л хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл нэг дахин илүү хүнд үйлчилж байна.

-Нэг офицер, цагдаа-жолоочийн хамт хоногт 30-40 хэргийн дуудлагаар очдог гэлээ. Дуудлага, мэдээлэлд хэчнээн хугацаа зарцуулж байгаа бол?

-Дуудлага, мэдээллийн төрлөөс л шалтгаалдаг. Дуудлагын дагуу очсон л бол мухарла гэсэн шаардлага алба хаагчдад тавьж байгаа. Хэдэн жилийн өмнө дуудлага, мэдээллийг аваад явдаг байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанд шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж буйтай холбоотойгоор иргэд, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдлыг хүндрэл учруулалгүй газар дээр нь шийдвэрлэ гэх үүрэг, чиглэл удирдлагаас өгөх болсон. Тиймээс бид хохирогчоос тэр даруй мэдүүлэг авах, аюулгүйн зэргийн үнэлгээ хийх, холбогдогч, гэрчээс тайлбар, мэдүүлэг авах ажлыг газар дээр нь хийж байна. Энэ нь дор хаяж нэг дуудлагад 30 орчим минут зарцуулж байгаа. Гэтэл ард нь дахиад л хэрэг нэмэгдэж, хүлээлт үүсгэх хандлага бий болсон. Тиймээс бид аль болох хурдан шуурхай, үнэн зөв дүгнэлт гаргаж ажиллахыг хичээдэг. Дуудлага, мэдээллийн төрлөөс шалтгаалж аюулын зэрэг ихтэйг нь ангилж хамгийн түрүүнд уг дуудлагад хүрч шалгахыг хичээж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлд цаг алдалгүй очих нь хамгийн чухал гэж цагдаагийн алба хаагчид ярьдаг. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа. Харин танайхан гэр бүлийн хүчирхийллийг бууруулж чадсан гэж сонслоо. Хэрхэн ийм үр дүнд хүрэв?

-Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж баар, караокег тодорхой хугацаагаар хаасан боловч ахуйн хүрээнд, зочид буудлуудаар архидан согтуурах явдал гарсаар байгаа. Үүнээс болж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг, зөрчил буурахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй өргөдөл, гомдол өдөрт 20 орчмыг хүлээн авч шалгаж, шийдвэрлэж байна. 2019 оны есдүгээр сард бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж, Цагдаагийн газар гэсэн босоо удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Миний хувьд гурван хэлтсээ хариуцсан Гэр бүлийн хүчирхийллийн ажлын дэд хэсгийн ахлагч. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээлэл 4350 бүртгэгдэж байсан бол 2020 оны нэгдүгээр улиралд 2941 болж, 1409 нэгж буюу 32.3 хувиар буурлаа. Харин энэ төрлийн зөрчилд 2019 оны нэгдүгээр улиралд холбогдсон 347 этгээдийг шүүхээр шийдвэрлүүлэн баривчилсан. 2020 оны нэгдүгээр улиралд 461 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчилж, 114 нэгж буюу 24.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн гурван хэлтэс гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлүүлснээрээ нэгдүгээр орсон. Гэхдээ энэ нь уралдах асуудал биш л дээ.

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг шийдвэрлэлтийн явц их сунжирдаг гэдэг. Гэтэл танай дүүрэг шийдвэрлэлтээрээ тэргүүлсэн хэмээн ярьлаа.

-Бид прокурор, шүүхийнхэнтэйгээ маш сайн ойлголцож, хамтран ажиллаж байна. Нөхцөл байдлаа газар дээр нь танилцуулж, “прокурор оо, ийм хэрэгт зөрчлийн хэрэг үүсгээд хяналт тавиад өгөөч. Шүүгч ээ, та энэ гэр бүлийн хүчирхийллийн хэргийг яг одоо шийдэхгүй бол ийм хор уршиг үүсэх магадлалтай байна” гэсэн нөхцөл байдлын танилцуулга удаа дараа хийж прокурор, шүүхийн удирдлагатай уулзалт тогтмол зохион байгуулж байна. Манай дүүргийн прокурор, шүүх байгууллагын ажилтнууд ажлын таван өдөрт хэргээ хүлээн авч, бидний хийж буй ажлыг дэмждэг.

-Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд өөр ямар ажил хийв?

-Гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд хамгийн түрүүнд гудамж талбай, олон нийтийн газар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг сайжруулж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Чиглэл чиглэлийнхээ ажлыг мэргэшсэн хүнд нь хариуцуулахад ажлын бүтээмж нэмэгддэг. Тэгэхээр манай Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын даргын хувьд яг энэ ажлыг практикт нэвтрүүлэн ажил хэрэг болгосон. Миний хувьд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн ажлыг дагнан ажиллаж буй бол манай бусад дарга нар урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийн илрүүлэлтээ дагнан хариуцаж байгаа. Тэгэхээр хүн чаддаг юмаа гарамгай сайн хийдэг юм шиг санагдах болсон. Алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд ажлын энэ арга барил илүү үр дүнтэй.

Бид гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг 166 этгээдийн судалгааг эхний ээлжид гарган, эдгээр хүмүүстээ хяналтын хувийн хэрэг нээж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нөлөөллийн ажлыг эхлүүлсэн гэсэн үг.

2019 онд гэр бүлийн хүчирхийлэл таван удаа үйлдсэн 60 настай эрэгтэй миний хяналтад байгаа. Тэр хүнтэйгээ би сар бүр уулзаж, энэ төрлийн хэрэгт дахин холбогдохгүй байх хэрэгтэй гэсэн сануулга байнга өгдөг. Дахиад та энэ төрлийн зөрчилд холбогдсоноор Эрүүгийн хуулийн 11.6 буюу Иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн яллагдагч болох нөхцөл бүрдэх юм. Үүнээс урьдчилан сэргийлснээр энэ төрлийн гэмт хэрэг буурах гол түлхүүр нь болсон. Хэлтсийн 190 алба хаагч тус бүрт нэг хүн хариуцуулахаар энэ тоогоор гэмт хэрэг буурах боломжтой гэж харж байгаа. Мөн энэ төрлийн дуудлага хоёр удаа өгсөн 540 хүний судалгааг гаргаж, хэлтсийн бүх алба хаагчдад тарааж, хууль эрх зүйн мэдээлэл өгч байна. Гурваас дээш удаа эрүүлжүүлэгдсэн, архины хамааралтай 92 хүний судалгааг гарган, архины албадан эмчилгээнд хамруулсан.

-Гэр бүлийн хүчирхийлэл цоожтой хаалганы хөшигний цаана үйлдэгдэх нь бас бий. Хохирогч мэдээлэхгүй, мэдээлэж чадахгүй байгаа тохиолдолд хөршийн холбоо сайн байх шаардлагатай гэж боддог. Хөршүүд нь хэр их дуудлага, мэдээлэл өгдөг вэ?

-Цоожтой хаалганы цаана үйлдэгдэх тохиолдол бас их. Тиймээс манай хэлтэс СӨХ-дтой уулзаж, мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн. Иргэдийн энэ төрлийн мэдлэг, мэдээлэл нэмэгдсэнээр хөршөөс ирэх дуудлага өссөн сайн үзүүлэлттэй байгаа.

Манайх есөн хороо хариуцдаг. Долоон хороо нь гэр хорооллынх, хоёр нь орон сууцынх. Орон сууцын хорооллын айлууд сүүлийн үед “хажуугийн айл архидлаа”, “дээд талын айл хүүхдээ уйлуулаад байна”, “тэр айл чимээ шуугиан гаргасан” гэх мэдээлэл их ирүүлдэг болсон. 22:00 цагаас хойш бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100,000 төгрөгөөр торгох хууль үйлчилж байна. 

-Танай дүүрэг хамгийн их хүн амтай, дамжин өнгөрөх цэг ч олонтой харагдаж байна. Хамгийн их хэрэг гардаг хороондоо ямар зохицуулалт хийж байгаа бол?

-Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хувьд газар нутгийн хувьд онцлогтой. “Нарантуул” худалдааны зах үйл ажиллагаагаа явуулдаг. Өдөрт 200-300 мянган хүн үйлчлүүлдэг, орон нутгийн тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрдөг, хөл хөдөлгөөн ихтэй шүү дээ. Энэ хороонд гэмт хэргийн дуудлага, мэдээлэл маш их байдаг. Ирж буй дуудлага, мэдээллийн дийлэнхийг халаасны хулгай, архидан согтуурах хэрэг эзэлдэг. Бид энд байнга эргүүлийн цагдаа нараа ажиллуулдаг.

Сүүлийн үед коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор ЦЕГ-ын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу таван автомашинтай эргүүлийн цагдаа нар иргэд олноор цугласан автобусны буудал, зах, худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр видео, шторк, сэрэмжлүүлэг хүргэх, амны хаалтаа зүүж явахыг сануулсан ухуулах хуудас наах, иргэдэд шаардлага тавих зэрэг санамж, сэрэмжлүүлэг дуудлага мэдээлэлгүй үедээ байнга өгч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616694
10 эможи
keyboard_arrow_up