Л.Бадамцэцэг: Хохирогч болгонд хүрч ажиллах нь бидний үүрэг
ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэгтэй ярилцлаа.
-Хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгдэж, хамгаалах байрны ачаалал ихэссэн тухай ярих боллоо. Нөхцөл байдал ямар байна вэ?
–COVID19-ийн тархалттай холбоотойгоор бүх шатны сургууль, цэцэрлэг каринтилж, хүүхдүүд гэртээ байгаа. Гэр бүл хамтдаа байгаа нь сайн ч төв суурин газрын завгүй амьдралын хэмнэл биднийг өөр дадалтай болгожээ. Хамтдаа хоолоо хийгээд аз жаргалтай байж болох ч нэгнийхээ үгийг сонсож, дааж өнгөрөөхөд суралцаагүйгээс сөрөг зүйлс гарч байна. ЦЕГ, 108 утсанд ирсэн дуудлагаас энэ бүхнийг харж болохоор байгаа.
Өнгөрсөн жилийн мөн үетэй харицуулахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 27 хувиар буурсан ч энэ төрлийн зөрчил 98.8 хувиар нэмэгдсэн. Энэ нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг анх удаа зөрчиж, хуулийн дагуу арга хэмжээ авахуулсан хүний тоо нэмэгдсэн гэсэн үг. Архидан согтуурах гэмт хэрэг 30-40 хувь нэмэгдсэн. Ажил, сургуулиасаа түр чөлөөлөгдсөн энэ хоромхон хугацаа бол амралт биш хөл хорио гэдгийг санах ёстой. Ахуйн хүрээний архидалтын тоо нэмэгдэж, тэр хэрээр өөрийгөө бүрэн хянах чадваргүй болсон хүмүүс агсам тавьж, гэр бүлээ хүчирхийлэх дуудлага нэмэгдсэн. 2020 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд манай Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд холбогдож, гэр бүлийн зөрчил маргааны асуудлаар зөвлөгөө авсан хүний тоо 108.8 хувиар нэмэгдлээ. Тиймээс манай агентлагаас 21 аймаг, 9 дүүргийнхээ Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтэст гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийг илрүүлэх, орон нутгийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийн дуудлага мэдээллийг харилцан солилцож, хамтарсан багийн тусламжтай хохирогч, түүний гэр бүлд зөвлөгөө өгөх, хохирогч хүлээн авах түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахиж, мэргэжлийн үйлчилгээг стандартын дагуу шуурхай үзүүлэх тухай чиглэл хүргүүлэн ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл далд үйлдэгддэг, хохирогч, хүчирхийлэл үйлдэгчийн эрхшээлд байдаг, шууд цагдаад дуудлага өгөх боломжгүй нөхцөл байдалд байдаг тул тэдний амьдарч байгаа хорооллын хэсгийн ахлагч, иргэн, хөршийн мэдээлэл чухал ач холбогдолтой. Ихэнх аймаг, дүүргийн газар хэлтсүүд гэр бүлд зөвлөгөө өгөх төвтэй болсон. Хорио цээрийн дэглэмд байгаа энэ үед эдгээр төвүүдэд сэтгэлзүйчид утсаар, цахимаар зөвлөгөө өгдөг болсон. Бид нэг ч хохирогчид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхгүй орхиж болохгүй гэж үзэж, анхаарч ажиллаж байна.
-Хохирогч нь уучилж, нэг удаа гэж шүд зуун өнгөрүүлсээр байгаад л гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг болтлоо ужгирдаг байх. Энэ нь монголчуудын хэвшмэл ойлголтоос бас шалтгаалдаг уу?
-Гэр бүлийн хүчирхийлэл танихгүй хүмүүсийн дунд үйлдэгддэг танхайрах зэрэг гэмт хэрэгтэй үйлдэл нь адилхан боловч гэр бүлийн дотно харилцаатай, хамаарал бүхий хүмүүсийн дунд үйлдэгддэг гэдгээрээ өвөрмөц ялгаатай. Гудамжинд хүн зодож, доромжилвол шууд цагдаад мэдэгддэг бол гэр бүлийн хүчирхийлэл маш олон хамааралд байдаг. Хүчирхийлэгч нь нэгдүгээрт, гэр бүлээ тэжээн тэтгэдэг бол энэ хүнийг 30 хоног баривчлуулбал үлдсэн нь яаж амьдрах вэ, гарч ирээд хамт амьдарна, өс санавал яах вэ гэх зэргээр наад захын амжиргаа, амьд явах эрхэд нөлөөлдөг. Хоёрдугаарт, гэр бүлийн харилцаанд үүссэн зөрчилд хүүхдээ бодсон уучлал давамгайлдаг. Мөн ураг төрлийн маш өргөн хамааралд байдаг учраас манайх, танайх гэх тэмцэл, үүнээс шалтгаалсан дарамт хохирогчид нэмэгддэг. Нэг хүнээс хайр зодуур хоёр хамт гарч байгаа болохоор хохирогчид эргэлзээ бий болдог. Надаас болоод ах дүү маань муудалцах вий, сайн ч муу ч миний хань гэж цайруулах нь бий. Гэхдээ ингэж хайрлаж, өрөвдөж цайруулснаар гэр бүлийн хүчирхийлэл зогсдоггүй. Нэгэнт л зөрчил маргааныг хүчирхийллийн аргаар шийдээд сурсан бол аргадаж, ятгасан нэмэргүй.
Хүчирхийлэл үйлдэгч буруу зүйл хийж байгаагаа ойлгож, үзэл бодлоо өөрчилж байж л хүчирхийлэл зогсдог. Эсвэл салснаар энэ асуудал дуусах магадлалтай. Гэхдээ хоёр хорооллын цаана амьдраад нэмэргүй болохоор хол газар очиж, нуугдаж амьдрах нь бий. Хамгийн хэцүү нь, гэр бүлийн хоёрын хэн нэг нь нас барж байж энэ бүхэн эцэслэгдэх нь ч бий.
-Түр хамгаалах байр хүрэлцээтэй юү?
-Улсын хэмжээнд 17 түр хамгаалах байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. 21 аймаг, Хан-Уул, Баянзүрх зэрэг дүүрэгт байгаа. Улаанбаатарт таван түр хамгаалах байр байгаа учраас хохирогч аюулгүй байдлын хамгаалалт хүсч ирэхэд хүлээж авах боломжтой. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар цагдаа очоод аюулын зэргийн үнэлгээ хийж, амь нас, эрүүл мэндэд учруулах хүчирхийллийн аюулын зэрэг өндөр гэсэн дүгнэлт гарвал хүчирхийлэгчийг баривчилсан ч гэсэн хохирогчийг хамгаалах байранд хүргэх хуулийн заалттай. Хүчирхийлэл үйлдэгч баригдаад явсан ч ах дүү төрөл садны дарамт хохирогчид ирдэг. Дээр нь хохирогч тайвшрах, сэтгэл зүйн тэнцвэрт байдлаа олж авах, нөхцөл байдлыг ойлгож, амьдралынхаа төлөө шийдвэр гаргахад түр хамгаалах байранд үзүүлэх мэргэжлийн үйлчилгээ чухал нөлөөтэй. Нэн тэргүүнд тэр хүн тайвширч байж зөв шийдвэр гаргаж, үр хүүхдээ хамгаална. Тиймээс хүчирхийлэл үйлдэгчийг барьж хориод л сэтгэл амарч болохгүй. Хохирогч маш олон жил дарамтанд байчихаад анх удаа хүчирхийлэл үйлдэгчийг баривчлуулсны дараа гарч ирээд яах бол гэсэн асар их айдастай байгаа. Тэрнээс болоод буруу шийдвэр гаргаж ч магадгүй. Цагдаа дуудлагаар гэр бүлд очиж, аюулын зэргийн үнэлгээ өндөр гэж үзвэл, хохирогчийг хамгаалах байранд хүргэх, бага дунд эрсдэлтэй бол баг, сум, хороо болгон дээрх нийгмийн ажилтанд заавал мэдэгдэх, мэдээлэл хүлээн авсан нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийж, хамтарсан баг хохирогч, түүний гэр бүлд сэтгэл зүйн болон эрх зүйн зөвлөгөө, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, цаашилбал гэр бүлийн хэрэгцээнд суурилсан нийгмийн ажлн үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх зэргээр хуулийн дагуу ажилладаг. Бид Цагдаагийн байгууллагатай нэг тэрэгний хоёр дугуй шиг л хамтран ажилладаг. Цагдаагийн байгууллага Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасаг байгуулчихсан учраас бидний хамтын ажиллагаа улам сайжирч байна.
-Төрийн бус байгууллагууд мөн оролцоотой байдаг байх аа?
-Байгаа. 1995 оноос хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь Улаанбаатар, Баянхонгор, Дундговь аймагт түр хамгаалах байртай. Цагдаагийн байгууллагын дэргэд нэг цэгийн төвүүд бий. НҮБ-ын Хүн амын сангаас санхүүжүүлж 11 нэг цэгийн үйлчилгээний төвийг тохижуулсан. Манай агентлаг түр хамгаалах байрны практик аргазүйг гаргаж, мэргэжилтнүүдийг энэ чиглэлийн сургалт өгдөг. Түр хамгаалах байрны стандарт ч бий.
-Төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хуулиар хэрхэн зохицуулдаг вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь салбар дундын асуудал юм. Маш тодорхой заасан байгаа. ХЗДХЯ, ЭМЯ, ХНХЯ, БСШУСЯ зэрэг төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг зааж өгснөөс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, орон нутгийн салбар зөвлөлийн үүргийг маш тодорхой заасан, Засгийн газрын агентлагууд болох ГБХЗХГ, Цагдаагийн байгууллага, бүх шатны Засаг дарга нар, нийгмийн ажилтан, ТББ-ын үүргийг маш тодорхой болгосон учраас зохицуулалт сайтай. Хаалганы цаана, тухайн гэр бүлийн амьдрал өрнөж байгаа боловч тэнд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа бол олон салбарын асуудал болж хувирдаг. Энэ бүхний цаана хүүхдийн эрх, хамгаалал хамгийн их зөрчигддөг. Мөн сэтгэцийн болоод биеийн эрүүл мэндийн асуудал, хүүхдийн аюулгүй орчинд төрж, өсөж, төлөвших, сурч боловсрох гээд олон асуудалд гэр бүлийн хүчирхийлэл сөрөг нөлөөтэй. Манай байгууллагын хувьд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулж, магадлан итгэмжилж, хамтран ажиллаж байгаа.
-Зөв амьдрах ухаан ТББ-ын асуудал нийгмийн анхаарлыг татлаа. Хүчирхийллээс хамгаалах чиглэлгүй ч архины хамааралтай, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлдэг байсан байгууллага нь эргээд иргэдийн эрхийг зөрчлөө. Энэ талаар та бүхэн ямар байр суурьтай байна вэ?
-Манай салбарт ийм асуудал анх удаа тохиолдлоо. 2020 оны нэгдүгээр сард агентлагийн даргын тушаалаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, “Зөв амьдрах ухаан” ТББ дээр ажилласан. Биднийг очиход 57 насанд хүрэгч, 49 хүүхэд, 14 гэр бүл тэнд амьдарч байсан. Тэдний 13 гэр бүлийнх нь эцэг эх хоёулаа архины хамааралтай, гудамжинд амьдарч байсан хүмүүс. 23 хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан. Энэ байгууллага архины хамааралтай хүмүүсийг гэр бүлээр нь хүлээн авч, үйлчилгээ үзүүлдэг нь сайн жишиг, сайн үйлс байсан. Хүмүүс тэр хашаанд ороод архи уухгүй байх журмыг мөрдөх тухай гэрээ байгуулж, амьдардаг. Хамгийн гол нь тус ТББ-ыг авч яваа лидер нь ёсзүйн зөрчилтэй болохыг бүгдээрээ харсан шүү дээ. Хүнийг сайн сайхан амьдруулж нийгэмшүүлнэ гэж зорилго өвөртөлж, байгууллага толгойлж байгаа удирдагч хүн үгийн алдаа ч гаргах ёсгүй юм, нийгмийн ажилтны ёс зүйн дүрэм батлагдсан учир дүрэм журамд хувь хүн захирагдах ёстой. Үйл нь сайн байж болно, үгийн алдаа, хүнийг хүн гэдгээр нь хүндлэх, хүнлэг ёсоор хандах, нэр төрийг нь гутаахгүй байх, нууц хадгалах гэх мэт нийгмийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа, төрд данстай, нийгмийн ачаа үүрэлцэж яваа хүн гэхэд нийгэм, олон нийт хэзээ ч зөвшөөрөмгүй хувийн зан араншингаараа таниулсан. Тэнд олон хүүхэд байдаг, өдөр тутам үйлчилгээ явуулж байгаа гэдэг хүсэлтийг манай байгууллагад тэдний ТББ гаргаж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэлийг 2019 онд авсан байсан. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байхдаа хүүхэд хамгааллын хариу үйлдэл үзүүлэх орчин нөхцөл бүрдээгүй байна гэж үзээд магадлан итгэмжлэлийг цуцалсан.
-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч тэр бүр ил гардаггүй ч сүүлийн үед нэр нүүрээ нуухгүй олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж, дэмжлэг хүссэн хэд хэдэн тохиолдол гарлаа. Ийм хохирогч нарыг хэрхэн анхаарч, хамгаалдаг вэ?
-Хохирогч аргаа ядахдаа л тэд олон нийтийн хамгаалалтыг хүсэж, ил гардаг. Өөрийгөө бүү хэл ах дүүсээ хамгаалж чадахаа болиод нийгэмд ил гарч мэдээлэл өгсөн ийм хохирогч амь насаа аюултай байдалд оруулдаг. Ийм тохиолдлыг бид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагаас нь улбаалж мэдээд, холбогдож уулзаж байсан. Хүчрхийлэл үйлдэгч буруу зүйл хийсэн байсан ч ихэнх тохиолдолд түүний эцэг эх нь өөрийн хүүхдээ өмөөрнө, өмөөрөхгүй гэр бүлийнх нь үнэ цэнэ, нэр төрийг олон нийтэд зарласан гэдгээр хохирогчийг буруутгана, үзэн ядна, магадгүй одоо биш ч өс хонзон санаж магадгүй юм. Гэхдээ бүгд тийм биш шүү. Тэгэхээр хүчирхийлэл үйлдэгч хоригдож байсан ч хохирогч аюултай байдалд ордог. Бид тэр тохиолдлыг судлаад, бүсгүйд зөвлөөд хамгаалахыг хүссэн ч, цахим орчинд байгаа олон нийт намайг хамгаалж байгаа гэж татгалзсан тохиолдол бий.
Олон нийтийн хамгаалалтад орохын сайн тал ч бий, дутагдал ч бий. Үүнийг дагаад олон эмэгтэй зоригтой болно. Өөрийгөө хүчирхийлэлд өртөж байгаагаа танин мэдэх сайн талтай ч тухайн хүн өөрийнхөө амь насаа эрсдэлд оруулж байгаа. Аймаг, дүүрэг болгонд ГБХЗХГ, ХЭЛТЭС, сум, хороо, баг бүрт нийгмийн ажилтан, хамтарсан баг бий. Тэгэхээр хэрэв та хүчирхийлэлд өртсөн бол мэргэжлийн байгууллагад хандаж зөвлөгөө авахыг л хүсье.