СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу иргэн загасчилж яваад живжээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ загасчилж яваад голд живжээ.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б, 60 настай, эрэгтэй Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн тухай дуудлага 2020.04.27-ны өдрийн 18:37 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 04.27-ны өдрийн 20:24 цагт Зүүнбүрэн суманд очиж 04.28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослын дуудлага зонхилдог байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гардаг.
Иймд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.