ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар ДУЛААРНА
Энэ сарын сүүлийн өдрүүд ойрын жилүүдийн дөрөвдүгээр сард ажиглагдаж байгаагүй халуун болно гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
Энэ сарын 29-нөөс 5 дугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 29-нд Халх голын саваар, 5 дугаар сарын 1-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 29, 5 дугаар сарын 2-нд говь, тал хээрийн нутгаар, 1-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 5 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.









