Д.Эрдэнэсувд: М.Энхсайханыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан М.Энхсайхантай холбоотой асуудаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд "Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнээс улбаалан хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдлаа гэх шүүмжлэлд гараад байна.
Үндсэн хуульд заасны дагуу хүний хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөө нээлттэй. Яллагдагч хүний хувьд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9-д заасны дагуу тодорхой үүргийг хүлээдэг. Яллагдагч мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцаж, нотлох баримтуудыг хуулбарлан авсан байдаг. Түүний гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, тодорхой шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байх баталгаа авч гарын үсэг зурсан хүний хувьд ийм үйлдэл хийсэнд нь шүүхээс цагдан хорьсон.
Прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад мөрдөн байцаалтын ажиллагааны нууцыг задруулсан, шүүхэд нөлөөлөх гэсэн энэ байдалд нь хууль зүйн дүгнэлт хийхийг хөндөж тавьсан. Харин шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Нийслэлийн прокурорын газраас хорих 461 дүгээр ангид тогтмол хянагдаж байгаа яллагдагч нартай уулзаж, санал хүсэлтийг сонсдог. Өнгөрсөн Баасан гаригт прокуророос М.Энхсайхантай уулзахад түүний зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хоолоо сайн идэж байгаа гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр "М.Энхсайханыг цагдан хорих явцад эрүүдэн шүүсэн байж болзошгүй"гэдэг нь ташаа мэдээлэл.
Мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэрэг шүүхэд очсон." гэв.