НДШ-ээс чөлөөлж, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх ТОГТООЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ

2020 оны 4 сарын 25

Arslan.mn

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн долдугаар зүйлд заасныг үндэслэн Засгийн газраас 140 дугаар ТОГТООЛ-ыг гаргасан. 

Legalinfo.mn- өнөөдөр байршуулсан дээрх тогтоолын хавсралтыг бүрэн эхээр нь хүргэж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, АЖИЛГҮЙДЛИЙН
ДААТГАЛЫН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь дэлхий дахинд үүсээд байгаа цар тахал буюу коронавируст халдвар тархсан онцгой нөхцөл байдлын улмаас улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, аж ахуйн нэгж, байгууллагын орлого буурч, үйл ажиллагаа нь доголдож байгаатай холбогдуулан нийт аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийг дэмжихэд оршино.

1.2. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага болон даатгуулагч-Монгол Улсын иргэн (цаашид “даатгуулагч” гэх)-ий тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл (цаашид “нийгмийн даатгалын шимтгэл” гэх)-ийг чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх (цаашид “дэмжлэг” гэх) болон нийгмийн даатгалын сан хооронд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг баримтална.

1.3. Энэ журмын 2.1.1-2.1.4-т заасан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, их, дээд сургууль (цаашид “аж ахуйн нэгж, байгууллага” гэх) тэдгээртэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч, сайн дураар даатгуулагч 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.

1.4. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 2020 оны 4-9 дүгээр саруудын аль нэг сард өмнөх оны мөн үеэс буурсан нь татварын тайлан, татварын төлбөрийн баримтаар баталгаажсан бол “үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан” гэж үзнэ.

1.5. Хууль хэрэгжих хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа тухайн сарын ажилтны тоогоор “ажлын байрыг хадгалж байгаа” гэж үзнэ.

1.6. Хуулийн 3 дугаар зүйлд заасан төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрт улс, аймаг, нийслэлийн онцгой комиссын тогтоол, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж тус тус хамаарна.

Хоёр. Хамрах хүрээ

2.1.  Хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан дор дурдсан аж ахуйн нэгж, байгууллага, түүнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч, сайн дураар даатгуулагчийг шимтгэлээс чөлөөлнө:
2.1.1. энэ журмын 1.4, 1.5-д заасан нөхцөл хангасан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;

2.1.2. төрийн бус байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;

2.1.3. их, дээд сургууль, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;

2.1.4. сайн дураар даатгуулагч.

2.2. Нийгмийн даатгалд даатгуулах гэрээний хугацаа нь дууссан сайн дураар даатгуулагч хүсэлт гаргасан бол энэ журмын 3.8, 3.9-д заасан хэмжээгээр шимтгэлээс чөлөөлөгдөнө.

2.3. Хуулийн 3 дугаар зүйлд заасан нөхцөлийн аль нэгийг хангасан төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжтэй энэ журмын 2.1-д заасан гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч ажилгүйдлийн даатгалын сангаас олгох дэмжлэгт хамрагдана.

2.4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагаас шимтгэлийг нь хариуцан төлсөн даатгуулагчийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгох дэмжлэгт хамруулахгүй. 

Гурав. Чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхойлох

3.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг Нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

3.2. Энэ журмын 3.1-д заасан тайланг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхойлно.

3.3. Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн чөлөөлөгдөх сарын шимтгэлийн хэмжээ нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын 2020 оны 1, 2, 3 сарын бүрэн олгосон хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан шимтгэлийн дундаж хэмжээнээс илүүгүй байна.

3.4. Хуулийн 1 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангасан улирлын шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад энэ журмын 3.3-т заасан ногдуулах шимтгэлийн хэмжээ хамаарахгүй.

3.5. Аж ахуйн нэгж, байгууллагын 2020 оны 4-9 сард нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх даатгуулагчийн тоо нь 2019 оны 4-9 сар, 2020 оны 1-3 саруудын аль өндөр тайлагнасан сарын даатгуулагчийн тооноос ихгүй байна.

3.6. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн аж ахуйн нэгж, байгууллага нь хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн бол уг шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагад, аж ахуйн нэгж, байгууллага нь даатгуулагчид тус тус буцаан олгоно.

3.7. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх аж ахуйн нэгж, байгууллага нь хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг хүлээнэ.

3.8. Сайн дураар даатгуулагчийн хувьд чөлөөлөх нийгмийн даатгалын  шимтгэлийн нэг сарын хэмжээ 56 700 (тавин зургаан мянга долоон зуун) төгрөг байна.

3.9. Хүүхдээ 3 нас хүртэл нь асарч байгаа сайн дураар даатгуулагч эхийн хувьд чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ 26 250 (хорин зургаан мянга хоёр зуун тавин) төгрөг байна.

3.10. Сайн дураар даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-нээс дээш орлогоос шимтгэл төлөхөөр мэдүүлсэн бол уг орлогоос тооцсон шимтгэлийн, энэ журмын 3.8, 3.9-д заасан чөлөөлөх шимтгэлийн зөрүүгээр өөрөө хариуцан төлж болно. 

3.11. 2020 оны 4-9 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг урьдчилан төлсөн сайн дураар даатгуулагчийн хүсэлтийг үндэслэн энэ журмын 3.8, 3.9-д заасан хэмжээгээр төлсөн шимтгэлийг буцаан олгоно.

Дөрөв. Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх

4.1. Хуулийн 3 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгж нь  дэмжлэг авах даатгуулагчийн жагсаалт, төлбөрийн нэхэмжлэлийг энэ журмын 3.1-д заасан тайлангийн хамт нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

4.2. Аж ахуйн нэгжийн дэмжлэг авах даатгуулагчийн тоо нь 2020 оны 2, 3 дугаар сард тайлагнасан даатгуулагчийн тооноос ихгүй байна.

4.3. Нийгмийн даатгалын байгууллага нь энэ журмын 4.1-д заасан жагсаалт, төлбөрийн нэхэмжлэлийг энэ журмын 3.1-д заасан тайланд үндэслэн нийт дэмжлэгийн хэмжээг хянан баталгаажуулж дараа сарын 20-ны өдрийн дотор аж ахуйн нэгжийн харилцах дансанд шилжүүлнэ.

4.4. Аж ахуй нэгж нь энэ журмын 4.3-т заасны дагуу дэмжлэгийг харилцах дансандаа шилжин орсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор ажилтны харилцах дансанд шилжүүлнэ.

4.5. Аж ахуйн нэгж нь энэ журмын 4.4-т заасны дагуу шилжүүлснийг нотлох харилцах дансны хуулгыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хамт нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

4.6. Даатгуулагч 2 ба түүнээс дээш аж ахуйн нэгжид ажилладаг бол  дэмжлэгийг давхардуулан олгохгүй.

Тав.Төрийн байгууллагууд мэдээлэл солилцох

5.1. Татварын байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, улсын бүртгэлийн дугаараар дараахь мэдээлэл бүхий тусгай өгөгдлийн санг үүсгэж, нийгмийн даатгалын байгууллагыг ашиглах боломжоор хангана:
5.1.1. Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримтын мэдээлэлд үндэслэн 2020 оны 2 болон 3 дугаар сард борлуулалтын  орлого нь өмнөх оны мөн үеэс 50 болон түүнээс дээш хувиар буурсан аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор;  

5.1.2. татвар төлөгчийн 2020 оны татварын тайлан, төлбөрийн баримтын мэдээлэлд үндэслэн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс буураагүй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг албан татвар тайлагнах хуулийн хугацаа дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор.

5.2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар бүхий мэдээллийг гаргаж 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Нийгмийн даатгалын ерөнхий газарт цахим хэлбэрээр хүргүүлнэ.

5.3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь энэ журмын 1.6-д заасан улс, аймаг, нийслэлийн онцгой комиссын тогтоол, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн үйл ажиллагаа нь түр зогссон аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар бүхий мэдээллийг гаргаж 2020 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 30-ны өдрийн дотор, цаашид сар бүр Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Татварын ерөнхий газарт цахим хэлбэрээр хүргүүлнэ.

5.4. Сангийн яам нь гадаад улс орны зээл, тусламжаар бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар бүхий мэдээллийг гаргаж сар бүрийн 25-ны дотор Нийгмийн даатгалын ерөнхий газарт цахимаар хүргүүлнэ.

Зургаа. Чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэл, дэмжлэгийн хэмжээг бүртгэх, тайлагнах, тооцоо нийлэх

6.1. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь энэ журмын 5.1-5.4-т заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх, дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийг тодорхойлж холбогдох жагсаалтыг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлнэ. 

6.2. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллага болон даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэл, дэмжлэгийн хэмжээг нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, холбогдох тайланг сар бүр гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор цахим болон хэвлэмэл хэлбэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлнэ.

6.3. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь энэ журмын 6.2-т заасан тайланг сар бүр гаргаж, дараа сарын 20-ны өдрийн дотор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлнэ.

6.4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэл, дэмжлэгт шаардагдах хөрөнгийн тухайн сарын хэмжээг Сангийн яамтай дараа сарын 25-ны өдрийн дотор тооцоо нийлж, баталгаажуулна. 

6.5. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч, тухайн сард ажил олгогчийн болон даатгуулагчийн төлбөл зохих буюу чөлөөлөгдөх шимтгэлийн дүнг тооцон хянан баталгаажуулна.

6.6. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь сайн дураар даатгуулсан даатгуулагчийн чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог сар бүр хийж бүртгэл хөтөлнө.

Долоо. Нийгмийн даатгалын сан хооронд хөрөнгө шилжүүлэх

7.1. Хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийгмийн даатгалын сан хооронд шилжүүлэн зарцуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн нарийвчилсан хуваарийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, сар, улирлын хуваарийг Сангийн сайд тус тус батална.

Найм. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн хугацааг баталгаажуулах

8.1. Хуулийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу шимтгэлээс чөлөөлөгдсөн хугацааг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцно.

8.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь хуулийн 1 дүгээр зүйлд заасан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэлийн хэмжээг төлснөөр бүртгэнэ.

8.3. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (байцаагч) нь хуулийн 2 дугаар зүйлд заасан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэлийн хэмжээг төлснөөр тооцож баталгаажуулна.

8.4. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (байцаагч) нь энэ журмын 8.2-т заасны дагуу хянан баталгаажуулснаар тухайн даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсөнд оруулан тооцно.

Ес. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих

9.1. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий нэгж нь аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, бүртгэх, ногдуулалт хийх, тайлагнах, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоох, олгох үйл ажиллагаанд хяналт тавина. 

9.2. Нийгмийн даатгалын байгууллага нь холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах бөгөөд худал мэдээлэх, хуурамч баримт бүрдүүлэх зэргээр даатгуулагчийн тоо, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг зохиомлоор өсгөсөн аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт явуулна.

Арав. Бусад

10.1. Энэ журмыг хэрэгжүүлэх заавар, түр хэрэглэх маягтын загварыг  Нийгмийн даатгалын ерөнхий газар баталж болно.

10.2. Худал мэдээлэх, хуурамч баримт бүрдүүлэх зэргээр даатгуулагчийн тоо, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг зохиомлоор өсгөн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн, дэмжлэг авсан нь нотлогдсон тохиолдолд гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
7
616479
62 эможи
keyboard_arrow_up