Б.Баатархүү: Иргэн О.Осоржамаагийн гэрээс эд зүйлс алга болсон гэх хэргийг шалгаж байна
Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Өчигдөр Иргэн О.Осоржамаа Папараци сайтад өгсөн мэдээлэлдээ цагдаагийн алба хаагчтай холбоотой болон хэргийг нь шалгахгүй удаашралтай байна зэрэг олон асуудал хөндөж мэдээлэл өгсөн.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс уг асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тухайн иргэн гэрээсээ зураг, бусад эд зүйлс алга болсон гэх гомдол гарсан. Тухайн гомдлын дагуу Цагдаагийн байгууллагаас 1972 онд төрсөн Ц гэгчийг холбогдуулан шалгаж байгаа.
Мөрдөн шалгах ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэгдэнэ. Цагдаагийн алба хаагчтай холбоотой хэд, хэдэн асуудал ярьсан. Үүнд бид албаны шалгалт хийнэ.
Түүнээс гадна өчигдөр автобус дотор бусдын халаасыг ухаж байгаа бичлэгтэй холбоотойгоор уг асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байна уу гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр их явлаа. Энэ нь 2018 онд болсон үйл явдлын бичлэг. Уг асуудлыг тухайн үед шалган шийдвэрлэж, гэмт этгээдэд холбогдох хариуцлага хүлээлгэсэн.
Мөн дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Зариг сайтын сэтгүүлч 22:20 минутад Баянзүрх дүүргийн цагдаа дээр ирж мэдүүлэг өг гэж залгасан, ажлын цаг гэж байдаг эсэх талаар мэдээллийг өөрийн цахим хуудсанд тавьсан.
Иргэд үүнд шүүмжлэлтэй хандаж байсан. Албан ёсоор мэдэгдэхэд, цагдаагийн алба хаагч түүнийг мэдүүлэг өг гэж утасдаагүй.
Уг дуудлага өгсөн хүн нь Баянзүрх дүүргийн харьяат Д гэгч нь төрийн албан хаагчийн нэр барьж сэтгүүлч рүү ярьсан болох нь тогтоогдсон. Энэ хэргийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулан, тухайн иргэнийг хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгосон" гэв.
ШУУД ҮЗЭХ: