“Өлзийт, Эмээлт, Баруунтурууны пост дээр нэмэгдлээр албан хаагч томилогдон ажиллаж байна“
Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос коронавирус илэрч дөрөвдүгээр сарын 21-нээс Улаанбаатар хот руу орох, гарах замын хөдөлгөөнийг хаагаад байгаа. Хөдөлгөөн хаасантай холбогдуулан Эмээлтийн постод хяналт шалгалт хэрхэн явагдаж байгааг ЦЕГ газар дээрээс нь мэдээллээ.
Эмээлтэд гэр нь байдаг иргэдийг ажилдаа явахад нь бичиг баримтыг нь үзэж нийслэл рүү нэвтрүүлж байгаа аж. Мөн автобусуудыг нэвтрүүлэхдээ зорчигчдод амны хаалт зүүлгэх шаардлагыг тавьж, техникийн болон бичиг баримт бүрэн эсэхийг шалгаж нэвтрүүлж байгаа тухай албаныхан хэлэв.
Эмээлтийн постоор 80-90 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байна
Тус пост дээр үүрэг гүйцэтгэж буй ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Б.Ганзориг "Манай хэлтсээс 24/48 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Миний хувьд өглөө 10:00 цагаас ээлж хүлээлцэж аваад 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ. Энгийн үед өдөрт 4,000-5,000 тээврийн хэрэгсэл нийслэл рүү орж, гардаг бол хөдөлгөөн хаасан энэ үед өглөөнөөс хойш 80-90 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Иргэд энэ нөхцөл байдлыг хүлээж авах нь сайн байгаа. Үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг албаны машинаар гэрээс нь товчоонд хүргэж өгөөд буухад гэрт нь хүргэж өгч байна. Өдөрт хоёр удаа хоол, цай өгдөг" гэлээ.
Өлзийт, Эмээлт, Баруунтурууны пост дээр нэмэгдлээр албан хаагч томилогдон ажиллаж байна
ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн ахлах байцаагч, хошууч Д.Оюунчимэг "Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчдад хяналт тавьж ажиллаж байна. Манай хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хот руу нэвтэрдэг 7 цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Нийтлэг үүргийнхээ хувьд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжсэн. Цар тахлаас урьдчилан сэргийлэх хөдөлгөөний хязгаарлалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үед нэмэгдлээр хариуцлагатай эргүүл, жолооч, офицер, дарга, ахлах нар ажиллаж байдаг. Ачаалал ихтэй байдаг Өлзийт, Эмээлт, Баруунтурууны пост дээр нэмэгдлээр албан хаагч томилогдон ажиллаж байна. Ачаалал ихтэй пост дээр 3 албан хаагч, бага үед хоёр алба хаагч ажиллана гэх зэргээр зохицуулалт хийдэг" гэсэн мэдээллийг өглөө.
ВИДЕО: