Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагыг гүтгэсэн ХУДАЛ мэдээлэл тараавал ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА тооцно
Сүүлийн үед Цагдаагийн Ерөнхий газрыг гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж, хуурамч фэйсбүүк аккоунт нээж, нэр бүхий сайт, сэтгүүлчийг гүтгэсэн гэдэг мэдээллүүд гараад буй. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаадийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр " Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, тагнаж, чагнаж байна. Хуурамч пэйж хуудас нээж, гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллүүд гарлаа. Энэ асуудлаар Цагдаагийн байгууллагын нэр гарч байгаа учир албан ёсны байр сууриа илэрхийлэх нь зүйтэй байх.
Нэгдүгээрт, Гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай хууль байдаг. Энэ тал дээр Цагдаагийн байгууллага бие даан гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй. Тодорхой төрлийн гэмт хэрэг дээр прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг. Тэрнээс биш хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг прокурорын зөвшөөрөлгүй шалгах ажиллагааг хийх боломжгүй. Хэрвээ ийм үйл ажиллагаа явуулсан бол хууль тогтоомжыг ноцтой зөрчсөн асуудал болно. Нөгөө талаас Цагдаагийн байгууллагаас ийм төрлийн арга хэмжээ авах шаардлага байхгүй, прокурор ч зөвшөөрөл олгохгүй.
Хоёрдугаарт, Хуурамч пэйжны талаар асуудал гараад байна. Өнөөдөр цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Ковид-19-ны үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин 24 цагаар алба хаагчид ажиллаж байна. Ийм үед хуурам хаяг нээж, гүйтгэн доромжлоод суух зав зай ч байхгүй. Энэ бол худал мэдээлэл. Бид энэ асуудлыг анхааралдаа авч ажиллаж байгаа. Сонгуультай холбоотойгоор пэйж их хөгжүүлдэг болжээ. Тухайлбал, нийгэмд гарч буй тодорхой сэдвүүдээр пэйж үүсгэж, олны хандалтыг авч буй зүйлүүд ажиглагдаж байна. Хэрэв асуудал байх юм бол цагдаагийн байгууллага албан ёсоор хууль дүрмийн дагуу шалгаж, тогтоох ажиллагаа явуулна. Тэрнээс биш хүн болгон дээр ийм арга хэмжээ авна гэж байхгүй шүү дээ. Энэ асуудалд прокурорын байгууллага ч хяналт тавьдаг.
Худал мэдээлэл тараах асуудал өмнө Зөрчлийн хуулинд байсан бол одоо Эрүүгийн хуулинд тусгаж өгсөн. Өнөөдрийн байдлаар Цагдаагийн байгууллагаас албан ёсны годмол гаргаж, шалгах ажиллагаа эхлээгүй. Гэхдээ цаашид ийм байдлаар Цагдаагийн байгууллагын хэвийн явуулах үйл ажиллагаанд саад учруулах, олон нийтэд буруу ташаа мэдээллэх байдал гаргах бол бид гомдол гаргана. Цагдаагийн байгууллагын нэр төрд халдах, гүтгэж мэдээлэл гаргах бол холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Хэрвээ алдаа дутагдал байх юм бол буруутай алба хаагч хариуцлага хүлээнэ.
Гуравдугаарт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам гэж байдаг. Бидний бүхий л үйл ажиллагаа журмаар зохицуулагддаг. Дэгтэй, журмтай байгууллага. Цагдаагийн алба хаагч зөрчил гаргавал 126 гэсэн дугаараар , цахим шуудан, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн албан ёсны пэйж хуудсаар,биеэр гомдол мэдээллийг авч шийдэрлэн ажиллаж байна гэдгээ мөн сануулж хэлэх зүйтэй байх" гэсэн тайлбар мэдээлэл өглөө.