Зам тээврийн ноцтой осол гаргаад хэргийн газрыг орхин зугтсан этгээдийг ШУУРХАЙ илрүүллээ
Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5-р баг “Цагаан дов” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 22-ны 18 цаг 30 минутын үед марк, улсын дугаар тодорхойгүй автомашин, улсын дугааргүй МН-150 маркийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 16 настай Т нь хүнд гэмтэл авсан байсныг мөргөлдсөн автомашины жолооч тээвэрлэн, эмнэлэгт хүргэж өгөхдөө “МОТОЦИКЛТОЙГОО ЯВЖ БАЙГААД ОНХОЛДСОН БАЙХААР НЬ АВААД ИРЛЭЭ” гэж хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хэргийн газраас зугтан 70 километрийн зайтай байдаг гэртээ очиж ослын улмаас автомашиндаа учирсан эвдрэл, гэмтлийг нуун далдлан зорилгоор хагарсан их гэрэл, дохиог сольсон байсныг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай илрүүлсэн байна.
Мотоциклийн жолооч 16 настай, эрэгтэй Т нь сумын эмнэлэгт хүргэгдэн очоод 30 орчим минутын дараа амь нас нь хохирсон хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Иймд зам тээврийн осолд холбогдсон жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “Хүний амь нас, эрүүл мэнд хохирол учирсан тохиолдолд осол, хэргийн газраас тээврийн хэрэгсэл, нотлох баримт болох эд зүйлсийг хөдөлгөхгүй байх, Цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэх” үүргээ биелүүлэх, мөн мотоциклийг “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалах малгайтай, 18 насанд хүрсэн хүнээр жолоодуулж, мотоциклийнхоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.