Г.ДАМДИНЖАВ: Манай хорооны нутаг дэвсгэрт ДАВАА ГАРАГТ согтууруулах ундаагаар ҮЙЛЧИЛДЭГГҮЙ
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Г.Дамдинжавтай ярилцлаа.
-Цагдаагийн алба хаагч болохоор шийдсэн тухай яриагаар ярилцлагаа эхлэе?
- Би Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийг төгсөөд Цагдаагийн академид шалгалт өгч тэнцээд Эрхзүйч, цагдаагийн ажилтан мэргэжлээр төгссөн.
10 жилийн сургуульд байхдаа Цэрэг-цэрэгжилт “ тэмцээнд байнга ордог байлаа. Манай аав цэргийн байгууллагын хүн байсан. Би 2004-2009 онд Баянхонгор аймагт томилогдож хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, 2009-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2013-2014 онд Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Харин 2017 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст хороо хариуцсан цагдаагаар томилогдоод хороо хариуцсан цагдаагаар нэг жил ажилласан. Учир нь нэг жил ар гэрийн асуудлаас нэг жил албанаасаа түр чөлөөтэй байсан. Хэсгийн байцаагчаар хоёр жил ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад 15 жил ажиллаж байна даа.
-Та цагдаагийн байгууллагад олон алба хааж байжээ. Энэ албаны онцлогийн талаар таны бодол юу вэ?
-Ер нь хороон цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөгч бүгд л нэг тангарагтай, өөр өөрийн онцлогтой. Харин ажиллаж байх хугацаандаа их л хичээж, зүтгэж ажиллах хэрэгтэй гэж боддог. Мөрдөгч бол эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүстэй тулж ажилладаг, хэсгийн байцаагч бол хорооны иргэдтэйгээ тулж ажилладаг. Манай хороо 8000 орчим иргэдтэй. Хорооны бүх иргэдтэйгээ тулж ажиллаж, болж бүтэхгүй байгаа зүйлийг арилгах, бүтэж байгаа зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой л ажиллаж байна даа. Хэсгийн байцаагчийн ажил бол гэмт хэргийг илрүүлэх гэхээсээ илүүтэй урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийдэг. Эргүүл томилгоо хийх, эмзэг цэгүүд, обьектын судалгааг гаргах ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.
-Таны ажлын өглөө хэрхэн эхэлж байна даа.
-Миний өдөр өглөө зургаан цагт босохоос л эхэлдэг. Найман цагт ажил дээрээ ирээд хамгийн эхлээд хоногийн нөхцөл байдлын мэдээтэй танилцана. Хоногийн нөхцөл байдлын мэдээнд манай хороонд гэмт хэрэг бүртгэгдсэн байна уу, ямар нэгэн зөрчил гарч уу, улсын хэмжээнд ямар үйл явдал өрнөж, хэдэн гэмт хэрэг бүртгэгдсэн байна гэдгийг шалгаснаар эхэлдэг. Цагдаагийн алба хаагчид чинь хоногийн нөхцөл байдлын мэдээг харж гэмт хэрэг бага бүртгэгдсэн бол баярлаж, их бүртгэгдсэн бол учир шалтгааныг нь олох гэж л явдаг хүмүүс. Тэгээд л ажил ундарсаар өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх тал дээр өдрийн тал нь явчихдаг юм.
- Танай дүүрэгт ямар төрлийн гэмт хэрэг давамгайлан бүртгэгдэж байна вэ?
-Манай дүүргийн хувьд гэр хорооллын бүс ихтэйгээр бусад дүүргүүдээс ялгаатай. Хамгийн их бүртгэгддэг гэмт хэрэг бол хулгайн хэрэг. Олны хөдөлгөөн багатай ч энэ төрлийн гэмт хэргийн тоо давамгайлдаг. Ихэнхи нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэргийг үйлддэг, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол байна. Үүнээс гадна өдөрт бүртгэгдэж байгаа хэргийг харахад гэр бүлийн хүчирхийллийн хэрэг буурахгүй байна. Хөл хорионы үед ахуйн хүрээний архидалт нэмэгдэх хандлагатай байна.
Иргэдийн хувьд Зөрчлийн тухай хуулийн мэдлэг бага байгаа тул иргэдэд зориулан сургалтуудыг дүүргийн прокурорын байгууллагатайгаа хамтраад сургалтыг олон удаа зохион байгуулсан. Миний хувьд архи согтууруулах ундаа гэмт хэргийн гаралтын гол шалтгаан юм байна гэж үзээд өнгөрсөн оноос эхлэн Хорооны Засаг дарга болон дүүргийн аж ахуй нэгжүүдтэй хамтран хорооны хэмжээнд даваа гарагт 06:00-20:00 цагийн хооронд хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх уриалгыг гаргаж, ажлыг эхлүүлсэн.
Тус ажил маань амжилттай үргэлжилж, энэ өдөр гардаг гэмт хэргийн тоо буурсан байгаа. Үүнээс гадна ЦЕГ-аас хийж хэрэгжүүлж байгаа аян, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байна.
-Таны хувьд цагдаагийн албанд 15 жил зүтгэж байгаа хүний хувьд ажилдаа хамгийн ихээр юуг баримталдаг зарчим?
-Миний хувьд шударга байхыг эн тэргүүн болгон ажилладаг. Иргэдтэйгээ зөв боловсон хууль журмын дагуу ажиллахыг л хичээдэг дээ. Өнөөдрийг хүртэл энэ албанд ажиллаж, олон аавын хүүтэй мөр зэрэгцэн албандаа чин сэтгэлээсээ үнэнчээр зүтгэж байгаадаа баяртай байдаг. Өдөр бүр л шинэ хүнтэй уулзаж, асуудал шийдэж, нэг хүнийг ч гэсэн хүчирхийлэлд өртүүлэхгүй, зөв замд нь залж ажиллаж байгаа нь миний хувьд хамгийн том ажил.
Хэсгийн байцаагч гэдэг бол цагдаагийн байгууллагын хамгийн анхан шатны байгууллага. Тиймээс анхан шатны байгууллагаас л эхлэн хамгийн сайн ажиллах хэрэгтэй. Тэгж байж энэ албаны нэр хүндийг өндөрт өргөнө гэж боддог. Бид иргэдтэй шууд тулж ажилладаг учраас иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллах нь тохиолдол ч их байна. Тухайн хүний сэтгэлд нь хүртэл ажиллахыг хичээдэг. Болохгүй зүйлийг нь хэлж зөвлөх, сэтгэл зүйн сургалтанд хамруулна. Өнгөрсөн 2019 онд зөвхөн манай хороонд “Эрсдэлгүй орчин зөв амьдралын эхлэл” гурван сарын аяныг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд архины хамааралтай 42 хүнийг сургалтанд хамруулж, анхан шатны үзлэг шинжилгээнд оруулж, эмчилгээ хийлгэж, гурван хүнийг архинаас бүрэн гаргасан. Хорооны хамтарсан баг буюу хорооны засаг дарга, нийгмийн ажилтан, халамжийн ажилчид ч мөн сайн ажиллаж бидний ажилд дэм тус хүргэж байгаад баяртай байна. 2020 он гарснаас хойш амжиргааны түвшинг дээшлүүлэх, ажлын байртай болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
- Коронавирусийн халдварын тархалттай холбоотой хөл хориотой байгаа эдгээр өдрүүдэд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд нийт хэсгийн ахлагч болон гудамжны эргүүл, урамшуулалт эргүүл нийтдээ 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Эдгээр алба хаагчид маань хүмүүсийн ажилдаа явах, ирэх буюу хөл хөдөлгөөний оргил ачааллын үед хяналт тавих, сэрэмжлүүлэг түгээх ажлыг хийж байна.
-Танд цагдаагийн байгууллагаас шагнагдсан олон шагнал харагдаж байна л даа. Шагнал бүхэн урам байдаг гэдэгтэй санал нийлэх үү?
- Тэгэлгүй яахав. Шагналын төлөө хөөцөлдөж ажил хийдэггүй ч авах юм бол их урам болдог. Хүн хийсэн бүтээснээ үнэлүүлж шагнал хүртэнэ гэдэг бол их сайхан. Би дээр цагдаагийн байгууллагад 15 жил зүтгэсэн тухай хэлсэн. Энэ хугацаандаа албанаасаа олон шагнал авч байсан. Цагдаагийн байгууллагаас 2005 онд Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтсийн аварга, 2010 онд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн баярын бичиг, 2011 онд Улсын мөрдөн байцаах газрын Шилдэг мөрдөн байцаагч, 2019 онд Нийслэлийн цагдаагийн газрын Шилдэг хэсгийн байцаагч, Цагдаагийн гавъяа тэмдгээр шагнагдаж байсан. Мөрдөн байцаагчаар олон жил ажиллаж байсан. Энэ чиглэлээр ажиллаж байхдаа авсан шагнал маань сэтгэлд их тод санагддаг юм. Хэрэг мөрдөн байцаах ажлын явцад хэн нэгэн нь заавал хохирч байдаг, хэн нэгэн нь заавал нийгмийн хариуцлага хүлээж байдаг. Хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулах гэдэг бол хамгийн сайхан мэдрэмж.
Тэгэхдээ энэ албанд ажиллаад авсан шагнал болгон минь цаашдаа ажиллах урам болж өгдөг.
-Цагдаа хүний гэргий байна гэдэг бол тэвчээрийн тэвчээртэй хүн байдаг гэж би боддог. Таны хань ямар ажил хийдэг хүн байдаг вэ?
-Тийм шүү. Таны хэлсэн үнэн. Ханьдаа маш их баярлаж явдаг. Миний хань “Монгол тамхи со” ХХК-д хуулийн зөвлөхийн ажил эрхэлдэг. Бид хоёр чинь нэг салбарын хүн. Тийм ч болохоор энэ болтол миний ажлыг дэмжиж ард минь асаалттай танк шиг л ар гэрийг минь хайрлаж хамгаалж байгаа гэж би боддог. Дөрвөн хүүхдийнхээ хайрт ээж миний халамжит хань чамдаа баярлалаа гэж хэлье. Элэг бүтэн ажил амьдрал тэгш сайхан явахад хань хамгийн чухал. Хань үр хүүхэд маань элэг бүтэн, ажил алба маань бүтэмжтэй яваа маань албаны минь цог хийморь гэж боддог
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|