Л.МӨНХТҮШИГ: 35 улсаас 9412 иргэн ирэх хүсэлтээ ирүүлсэн
УОК-ын Шуурхай штабын мэдээллийн үеэр транзит нислэгээр ирэх иргэдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гадаадад байгаа эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдийн мэдээлийг Элчин сайдын яамаараа дамжуулж аваад тухай бүр УОК-т танилцуулж ирсэн. Үүний дагуу энэ удаагийн нислэгүүд хийгдэхээр болсныг мэдэгдэхэд таатай байна.
Европт байгаа иргэдээ эх орондоо ирэх боломжоор хангах үүднээс олон улсын нислэг үйлдэх транзит заалттай Франкфурт хотыг МИАТ компани сонгож, шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажилдаа орсон.
Урьдчилаад хэлэхэд энэ удаагийн нислэгээр 250-260 орчим зорчигч ирнэ. Элчин сайдын яамдад энэ нислэгт хамрагдах бүртгэлийг шинээр хийхгүй.
Учир нь өнөөдрийн байдлаар хүсэлтээ өгсөн 9,412 иргэнийг УОК-оос тавьсан шаардлагын дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилчихсан тул уг мэдээлэлдээ тулгуурлан Шуурхай штаб дээр холбогдох ажлын хэсгийнхэн хамт сууж байгаад нэрсээ эцэслэнэ.
Энэ дотор транзит зорчигчид орно. Транзит зорчигчдыг ХӨСҮТ-д хуваарилж байгаа тул эмнэлгийн орны нөөц боломжоо харж байгаад хэдэн хүн авахаа шийднэ.
Өнөөдрийн байдлаар гадаадын 35 улсаас 9,412 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байна.
Бүсээр нь ангилбал,
- Европ 2,335 иргэн
- Ази 4,233 иргэн
- Америк 1,691 иргэн
- Австрали улсаас 1,143 иргэн буцах хүсэлтээ гаргасан
Хүндэтгэн үзэх шалтгаантай:
- Бага насны хүүхэдтэй 1,452 хүн
- Эрүүл мэндийн шалтгаантай 376 хүн
- Өндөр настан 854
- Жирэмсэн 141 хүн
- Санхүүгийн боломжгүй болсон 813
- Бусад шалтгаантай 2,670 гаруй иргэн байна." гэв.