Л.Эрдэнэчимэгийг заналхийлсэн гэх Х.Бат-Ялалтад холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
“Иргэдийн шударга шүүх” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох, бусдыг заналхийлсэн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр өмнөх парламентын үед гишүүн байсан, “Монос”-ын гэх Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт тэрбээр холбогдсон бөгөөд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр түүнийг буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг нийтэд дэлгэхээсээ өмнө уг мөнгийг нэхсэнийг хохирогч хэвлэлд ярьсан бөгөөд Х.Бат-Ялалтын хувьд уг мөнгөө авсныхаа дараа нэр бүхий сэтгүүлчдийн хамтаар задалсан гэж буруутгагдсан. Сэтгүүлчид нь ч мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ тухай тодотгон тайлбарласан аж.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Х.Бат-Ялалтад хавтаст хэрэгт цугларсан баримтыг нь танилцуулахын тулд прокурорын байгууллагаас удаа дараа дуудсан ч ирээгүй тул шүүгч цагдан хорих захирамж гарган өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй билээ. Түүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүх хэргийн харьяалал тогтоолгох шаардлагатай хэмээн үзсэн байна. Улсын дээд шүүхээс уг хэрэгтэй танилцаад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэлүүлэх харьяалал тогтоосон аж. Үүний дагуу НПГ-аас өчигдөр тус шүүхэд Х.Бат-Ялалтад холбогдох хэргийг шилжүүлжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин