Б.Энхчимэг: Гэмт хэрэг дижитал хэлбэрт шилжиж байна

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Энхчимэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед цахим орчинд зарын сайтуудаар дамжуулан садар самуун сурталчилж, цаашлаад охид эмэгтэйчүүд биеэ үнэлэх асуудал цахим хэлбэрт шилжээд байна. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сүүлийн үед цахим орчинд зарын групп, сайтуудаар дамжуулан иргэдээс төлбөртэй зар сурталчилгаа оруулан садар самуун сурталчлах, охид, эмэгтэйчүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдад биеэ үнэлэх мөн сониуч зангаасаа болж энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох тохиолдол гарч байна. Тухайлбал, нэр бүхий 30 гаруй хаалттай цахим групп нээгдэж иргэдээс тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө дансаар авч садар самуун сурталчилсан агуулгатай бичлэг үзүүлэх.

Видео дуудлага хийж дуудлагаар биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн утасны дугаарыг өгөх зэрэг цахим орчин дахь далд биеэ үнэлэлт ихэссэн. Мөн садар самууныг сурталчлах, биеэ үнэлэлтийг зохион байгуулах гэмт хэрэг, зөрчил цахим, дижитал хэлбэрт шилжиж байна.

Эдгээр сайт руу амар хялбар аргаар мөнгө олох зорилготой охид, эмэгтэйчүүд “Санхүүгийн туслалцаа авна, өгнө” гэсэн мэдээлэл оруулсны дагуу клиент буюу үйлчлүүлэгч нэрээр гэмт этгээдүүд тэднийг олзлон авч, гар утас, мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэж, хохирогчийг аргагүй байдалд оруулж нүцгэн дүрс бичлэгийг нь хийж, тохуурхан даажигнаж, олон нийтийн сүлжээнд байршуулна. Мөн ойр дотно, гэр бүлийн хүмүүст тухайн хийсэн дүрс бичлэгийг үзүүлж биеэ үнэлэгч гэдгийг нь хэлнэ гэх зэргээр амь нас, эрүүл мэнд, нэр хүнд, хувь хүний нууцтай холбоотой эмзэг асуудлаар нь далимдуулан өөрсдийн эрхшээлд оруулсны дараа бусдад хүчээр биеийг нь үнэлүүлэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болгож байна.

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Хуурамч фэйсбүүк хаягаар иргэдээс урьдчилгаа мөнгө авч, садар самууныг сурталчилсан агуулгатай бичлэг үзүүлэн, дуудлагаар биеэ үнэлдэг охид, эмэгтэйчүүдийн утасны дугаарыг өгч биеэ үнэлэхийг зохион байгуулдаг байж болзошгүй 38 этгээдийг илрүүлсэн. Садар самуун явдалтай тэмцэх зэрэг холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран үйл ажиллагааг нь зогсоосон. Биеэ үнэлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулахтай тэмцэх чиглэлээр энэ оны I улиралд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, хууль бусаар саун массаж нэрийн доор бусдын биеийг үнэлүүлж байсан 11 газрын үйл ажиллагааг зогсоож, цахим орчинд дуудлагаар биеэ үнэлж байсан 98 эмэгтэйг бүртгэл судалгаанд хамруулсан.

-Биеэ үнэлсэн болон зохион байгуулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Өмнө Зөрчлийн  хуулиар хариуцлага тооцдог байсан бол энэ оны нэгдүгээр сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар нийгмийн аюулын шинж чанараар нь гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэдэг болсон. Тухайлбал, Эрүүгийн хуульд зааснаар бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. 

-Зарим бүсгүйч аргагүй эрхэнд орж байна гэлээ. Хэрхэн сэргийлэх  вэ?

-Монгол Улсад биеэ үнэлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь статистик тоо баримтаас харагдаж байна. Биеэ үнэлэгч гэх этгээдүүд нь гудамж, талбайгаас саун массаж, зочид буудал руу шилжих хандлагатай байсан бол сүүлийн үед цахим орчныг ашиглаж дуудлагаар биеэ үнэлэх явдал ихэссэн. Мөн энэ төрлийн гэмт хэрэг нь дотоодод төдийгүй гадаад улсад хохирогч охид, эмэгтэйчүүдийг зуучлах хэлбэрээр нууц далд аргаар явагдахдаа цахим орчныг ашиглах хандлагатай байна. Тиймээс иргэд цахим орчны зохисгүй хэрэглээнээс татгалзах, аливаа эрсдэл, халдлагаас өөрийгөө хамгаалах чадвартай байх хэрэгтэй. Ялангуяа, өсвөр насны охидод амар хялбар аргаар мөнгө олох сэдэл өгч, садар самуун явдалд татан оруулах замаар эмзэг байдлыг нь далимдуулж цахим сүрдүүлэг, порнографикт ашиглах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж буй гэмт хэрэгт өртөж хохирох нөхцөл бий болгож болзошгүй тул эцэг эх, асран хамгаалагч нар нь насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийн цахим орчин дахь хэрэглээнд хяналт тавих зүй ёсны шаардлага тулгарч байна.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616230
13 эможи
keyboard_arrow_up