Л.Оюун-Эрдэнэ: Бор-Өндөр УБҮ ганцхан жилийн хугацаанд түүхэндээ байгаагүй ашигтай ажилласан байна

2020 оны 4 сарын 18

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-уудын 49 хувийг төрийн мөнгөөр хувьчилж авах гэж байснаас үүдэлтэйгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон.

Үүнийг сунгах эсэх асуудлыг өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 127-р тогтоолоор дээрх газруудын онцгой дэглэмийг дахин зургаан сараар сунгахаар болсон.

Уг тогтоолыг танилцуулах, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлуудтай газар дээр нь танилцах зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт ажиллав. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус үйлдвэр санхүүгийн болон олборлолт, баяжуулалтын хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад ашигтай ажилласан байна.

2019 оны гүйцэтгэлээр нийт 105.9 мянган тонн жонш олборлож, 34.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд байгаагүй үзүүлэлт аж. Үүнээс өмнө уулын баяжуулах үйлдвэр ашиг байтугай зарим жилд алдагдалтай ажилладаг байсан талаар тус үйлдвэрийн удирдлагууд танилцуулсан. Мөн төсөвт төлөх татвар, шимтгэлийн хэмжээ нь ч эрс өсөж, төмрийн хүдрийн олборлолтоо 37.6 мянган тонноор нэмэгдүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр 1,219 ажиллагсадтай бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажилчдынхаа цалинг тус бүр 30 хувиар хоёр удаа нэмж, дундаж цалингийн хэмжээг 2 сая 335 мянган төгрөг болгожээ. Өөрөөр хэлбэл “Бор-Өндөр” УБҮ-ийн үйл ажиллагаанд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар онцгой анхаарч, Сангийн яам, ТӨБЗГ-аас санхүүгийн сахилга батыг сахиулж, хяналт тавьж ажилласны бодитой үр дүн гарсан гэж тус үйлдвэрийн хамт олон үзэж байгаа аж. Тус үйлдвэр төрийн мэдэлд өнгөрсөн нэг жилд ажилласан нь хамгийн гол шалтгаан байсан гэдгийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат онцолж байсан юм. 

Харин Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд “Өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагаанаас “Бор-Өндөр” УБҮ цаашид төрийн өмчит хэлбэрээр ажиллах бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна. Ер нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төрийн өмчийг ашиггүй гэж ойлгуулдаг, орд газруудын нөөц удахгүй дуусах гэж байгаа мэтээр нийгэмд ойлгуулж ирсэн байдаг. Ингэх тодорхой зорилго байсан нь улам бүр тодорхой болж байгаа.  “Эрдэнэт”, “Багануур”, “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” гэх мэт олон жишээнээс улам бүр тодорхой болж байгаа.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан хэсэг бүлэг хүмүүс “Бор-Өндөр”-ийн уурхай ашгаа өгөхгүй гэж байгаад л бас төрийн мөнгөөр хувьчлаад авчихсан байсан. Төр ашигтай ажиллуулж, ажилтнууддаа үр өгөөжийг нь хүртээж болдог гэдгийг уурхайчид маань бодитой харуулж чадлаа. Ганцхан жилийн хугацаанд түүхэндээ байгаагүй ашигтай ажилласан байна. Цаашдаа онцгой дэглэм үргэлжлэх 6 сарын хугацаанд бизнес моделио сайжруулахад илүү анхаарч ажиллаарай” гэлээ.  

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616198
4 эможи
keyboard_arrow_up