ЭМЯ: Гадаад байгаа Монголын 13 иргэн коронавирусийн халдвар авчээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Өчигдрийн байдлаар 119 утсаар 24 цагт 159 дуудлага иржээ. Иргэдийн зүгээс коронавирусийн талаарх эмнэлзүйн талаарх мэдээлэл өгнө үү гэх мэдээллийг асууж тодруулжээ. Мөн амны хаалтгүй тоглож буй хүүхдүүдийг анхаарахыг хүсчээ.
Мөн гадаад улсад амьдарч байгаа нийт 96 иргэн Эрүүл мэндийн яамнаас зөвлөгөө авсан бөгөөд эдгээр иргэдээс 13 нь шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Тодруулбал, БНСУ-д хоёр, Ирландад дөрөв, ОХУ-д гурав, Шведэд хоёр, Швейцарьт хоёр Монгол Улсын иргэн шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Эдгээр иргэдийн 80 гаруй хувь нь оюутнууд байгаа бөгөөд бүгд гэрээр тусгаарлагдаж байна. Эдгээр иргэдтэй Эрүүл мэндийн яам тогтмол зөвлөгөө мэдээлэл өгч байгаа.
Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1451 иргэн байна. Одоогоор тусгаарлалтад байгаа иргэд нь тав хүртлэх насны хүүхэд 37, жирэмсэн 28, дарамт ихсэх эмгэгтэй 63, чихрийн шижинтэй 19, хоол боловсруулах замын эмгэгтэй 19, хорт хавдрын эмгэгтэй 17 байгаагаас хоёр иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.
Монголд эмчлэгдэж байгаа коронавирусийн халдвартай иргэд нь шинжилгээгээр илэрч байгаа учраас эмнэлзүйн шинж тэмдэг нь тодорхойгүй байгаа гэв.