Ж.Амгалан: Үүргээ биелүүлээгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгоно
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.04.16/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Улаанбаатар хотод 1,600 орчим олон нийтийн цагдааг ажиллуулахаар болсон. Энэ хүмүүс ажилдаа орж байгаа. Тиймээс энэ хүмүүсийн тавьсан шаардлагагыг биелүүлэхийг хүсэж байна. Энэ жишгээр бүх аймаг дахь баг, хороо, хэсгийн ахлагч нарыг ажиллуулна.
Мөн цэргийн бүртгэлтэй үүрэгтнүүдийг дайчлахаар судалж байна. Одоогоо Дайчилгааны тухай хуульд тодруулах, нийцүүлэх асуудал байгаа тул түр хүлээж байгаа.
Холбогдох байгууллагуудаас бүх иргэнийг амны хаалттай байх, гудамжинд зорилгогүй тэнүүчлэхгүй байх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байгаа. Гамшгаас хамгаалах хууль зөрчвөл Зөрчлийн хуулийн дагуу торгоно. Гамшгаас хамгаалах хуульд иргэний хүлээх үүргийг тодорхой заасан. Тухайлбал, гамшгаас хамгаалах байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг иргэн үг, дуугүй биелүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлаа хангах үүрэгтэй. Хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай.
Хөл хорио цээрийн дэглэм сахиулахад олон улсын туршлага судлаад цахим хэлбэрт шилжүүлэх талаар судалгаа хийж байна. Мөн тусгаарлалтаас гарч буй иргэдийг хянах журам боловсруулж байгаа аж. Хэрэв үр дүнтэй байвал орон нутаг, нийслэлийн иргэдийг цахим картаар тодорхой маршрутаар ажилдаа явдаг, бусаад тэр маршрутаараа гэртээ ирдэг байдалд шилжих бэлтгэл ажлуудыг хийж байна" гэв.
Түүнчлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах асуудал эцэслэн шийдэгдээгүй гэдгийг онцолж байлаа.