Б.Нямсүрэн: Гэмт хэрэг,зөрчил үйлдэгдэхээс урьтаж шалтгаан нөхцөлийг таслан зогсоох нь урьдчилан сэргийлэх ажлын үр дүн юм
Энэ онд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Нийслэл хотын хэмжээнд гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал ямар байна бэ?
Сүүлийн жилүүдэд Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өссөн дүнтэй байсан. Тухайлбал, 2017 онд гэмт хэрэг өмнөх жилийнхээс 17,4 хувиар өссөн. Харин 2018 онд 3705 аар буюу 16,9 хувиар өсч нийт 25652 гэмт хэрэг, 2019 онд 5391 хэргээр буюу 21 хувиар буурч, 2020 оны нэгдүгээр улиралд 1406 хэргээр буюу 21,1 хувиар буурсан. Дээрх статистик тоог нийтэд нь авч үзвэл 2018 оныхоос 7206 буюу 30 орчим хувиар буурсан. Энэ нь 12 аймгийн хэмжээнд бүтэн жилийн хугацаанд нэг ч гэмт хэрэг гараагүйтэй адилтгаж үзэж болох үр дүн юм.
-Энэ оны 01 сарын 01-ны өдрөөс Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт ямар байна?
Шинэчлэгдэн батлагдсан уг хуульд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн хуулийн этгээдийн оролцоог нэг бүрчлэн нарийвчлан зааж зохицуулсан байдаг. Энэ хуулийн 5 дугаар зүйлд
“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ОРОЛЦОХ ҮҮРЭГТЭЙ БӨГӨӨД ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛГОНО”
гэж заасан. Энэ нь Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэний дараа бус урьтаж таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нь илүү чухал гэдгийг тодотгосон юм. Урьдчилан сэргийлэх ажлын гол тулгуур нь криминологи судалгаа, шинжилгээ юм. Шинжилж, судалсны үр дүнд урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гарна.
АЛИВАА АМЖИЛТЫН ҮНДЭС САЙТАР БОЛОВСРУУЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙДАГ”
-– Стратеги төлөвлөгөөг гаргаснаар олон чухал ач холбогдолтой байх. Дурьдвал?
Үүний ач холбогдол нь гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, гэмт хэрэгтний хувийн шинж, зан, төрх байдал, мөн тодорхой гэмт хэргийн өсөлт бууралтад прогноз дүн шинжилгээ хийснээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг зөв тодорхойлж, түүнд чиглэсэн зөв бодлого, арга хэрэгслийг ашиглаж, урьдчилан сэргийлэх, мөн илрүүлэх стратеги төлөвлөгөөтэй ажиллахад чухал нөлөө үзүүлдэг.
Өөрөөр хэлбэл тодорхой төрлийн гэмт хэргийг гарсан цаг хугацаа, орон зай, хүчин зүйлсийг судалж сүүлийн 5, 10 жилийн байдлаар судалгааг гаргаж гэмт хэргийг нийгэм, эдийн засаг, соёл гэх мэт олон талаас дүгнэн шинжилж үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг нарийн тогтоох, цаашлаад дараагийн 5,10 жилд уг гэмт хэрэг хэрхэн хувьсаж өөрчлөгдөх, үйлдэгдэхэд нөлөөлөх шалтгаан нөхцөл нэг бүрт тохирсон арга хэрэгсэл, бодлогыг боловсруулан ажилладаг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд Криминологийн шинжлэх ухааны аргачлалыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн хүнийг судлах асуудал буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хөргийг тодорхойлох, хохирогч судлал буюу хохирогчийн гэм буруутай үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг судалж, хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад салбар хуулийн зохицуулалт, хэрэгжилт, нөлөөллийг судлах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудалд төдийгүй гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг нь оногдуулахад ач холбогдолтой байдаг.
-Манай улсад гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж буй шалтгаан нөхцөл юу вэ? Ажил, орлогогүй байдал гэмт хэрэг гарах гол шалтгаан мөн үү?
Ажил, орлогогүй байна гэдэг гэмт хэрэг үйлдэх шалтгаан биш шалтаг. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хувь хүний залхуу, ухамсар дорой байдлаас шалтгаалах олон зүйл нөлөөлдөг. Мөн амьдралын буруу хэвшил, хэрэглээ ч нөлөөлж байна. Олон нийтийн телевиз, сайтаар түгээгдэж буй кино, контентуудын агуулга хүмүүст үлгэр дуурайл болж, буруу хэвшлийг суулгаж, хүчирхийлэл нь хэвийн үзэгдэл мэтээр ойлгуулж байна. Жишээ нь зарим жүжиг, кинонд хараалын үгс, мансууруулах бодисыг харуулж өөгшүүлж уриалсан байдал ажиглагддаг. Эдгээрээр дамжуулж ашиг олох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн явцуу ухамсар, үйлдлээс гадна гэр бүл, үр хүүхдэдээ тавих хараа хяналт муу, зөвхөн материаллаг хэрэгцээнд тулгуурласан хүмүүжлийн буруу арга барил бас нөлөөлж байна.
Хүмүүс ихэвчлэн ажилгүйдэл, ядуурал, архидалт гэсэн ерөнхий ойлголтыг ганц нөхцөл шалтгаан болгож өнгөцхөн хардаг. Гэмт хэрэг гарахад ажилгүйдэл, ядуурал, архидалталтын нөлөө байлгүй л яахав. Гэсэн ч түүнээс гадна өөр олон хүчин зүйл нөлөөлдөг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шийтгэх нь нэг асуудал. Харин яагаад энэ гэмт хэрэг гарах болов, тухайн хүнийг ийм гэмт үйлдэл хийхэд юу нөлөөлөв гэдгийг тогтоох нь чухал асуудал юм. Тухайн хувь хүний хүмүүжил, зан төлөв, харилцаа, сэтгэл зүйн байдал, амьдралын буруу хэвшил болон хохирогчийн буруутай үйлдэл зэрэг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлөх олон шалтгаан нөхцөл байдаг.
Тухайлбал: Амиа хорлолтыг авч үзвэл 2017 онд Монгол улсын 100.000 хүн тутмын 28,1 хувь нь амиа хорлосон, энэ нь дэлхийд гуравдугаарт ордог гэсэн ДЭМБ-аас гаргасан судалгаа байдаг. Тэдгээрийн 88 хувь нь эрэгтэйчүүд, ялангуяа 22-29 насны залуус, хохирогчдын 70-80 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, тэдгээрээ хаана, хэнд хандахаа мэдэхгүй, сэтгэлзүйн хувьд нээлттэй бус, тулгарсан асуудлаа бусадтай ярилцдаггүй байна.
Монгол улсын ерөнхий прокурорын газраас хийсэн судалгаагаар сүүлийн таван жилд 2055 амиа хорлосон тохиолдол бүртгэгдэж шалгагдсан байна.
-Амиа хорлолт сэтгэл гутралаас ихээхэн хамааралтай байдаг. Тэгэхээр манай улсын иргэд сэтгэл зүйчид хандах хандлага нь бага байгаа учраас амиа хорлох үйлдэл нэмэгдэх хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Үүнд нөлөөлөх хүчин зүйл, шалтгаан нөхцөл олон бий. Жишээ нь манай улсын иргэд тулгамдсан асуудлаа тэр бүр сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө, тусламж авах, ач холбогдлын талаарх ойлголт муу байдаг. Сэтгэл зүйн салбар төдийлөн хөгжөөгүй, ерөнхий боловсролын сургуульд мэргэшсэн сэтгэл зүйч байдаггүй, тэр учраас хүүхэд бэрхшээлээ даван туулж, шийдвэрлэх, төлөвших, тулгамдсан асуудлаа бусдад ярих,өөрийгөө ойлгуулах чадварт суралцах асуудал хаягдсан гэж судлаачид дүгнэсэн байдаг.
-Иргэд гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ?
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь дан ганц цагдаагийн байгууллагын үүрэг биш. Иргэд олон нийт, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны үр дүн. Тиймээс иргэд бие биедээ тавих шаардлага нэмэгдүүлэх, хууль заасан үүргээ ухамсарлаж өөрийн болон бусдын аюулгүй байдал, эрхийг хамгаалахад сэтгэлтэй хандаж Аминчхан үзлээс татгалзахыг уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа.