Латви улсын иргэнийг Монголд МӨНГӨ УГААСАН хэрэгт шалгаж эхэллээ

2020 оны 4 сарын 13

Arslan.mn

Манай улсад мөнгө угаасан байж болзошгүй хүмүүсийг цагдаагийн байгууллагынхан илрүүлсээр байна.

ОХУ-ын иргэн А.В.Самохин Киприйн хөрөнгө оруулалттай “Валестия” гэх компани манай улсад байгуулан маш их хэмжээний мөнгө угаасан хэрэгт шалгуулж буй талаар бид энэ сарын 2-ны дугаартаа мэдээлсэн билээ.

Тэрбээр 2015-2019 онд оффшор бүсээр дамжуулан 54 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хүлээн авч, шилжүүлэн 13 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь шалгалтын явцад тодорхой болж, манай улсаас гарахыг нь хориглон шалгаж буй юм.

Тэгвэл мөнгө угаасан байж болзошгүй гадаадын өөр нэг иргэнийг шалгаж эхэлсэн нь Бүгд Найрамдах Латви Улсын иргэн Подлеснижс Игорс (Podlesnijs Igors) аж. Тэрбээр манай улсад барилгын материал, гадаад худалдааны АБА хэмээх компани байгуулж, ОХУ, Турк, Эстони, Арабын Нэгдсэн Эмират Улсаас эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө шилжүүлэн авч, арилжааны банкуудад байршуулж байгаад “зүсийг нь хувирган” мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогджээ.

Хууль бус мөнгөний эх үүсвэр нь биткойнтой холбоотой байх магадлалтай бөгөөд хэд хэдэн улсаар дамжуулан гарал үүслийг нь өөрчлөх явцдаа манай цагдаагийнхны хараанд өртсөн гэнэ. Түүний Монголд төвлөрүүлсэн мөнгийг нь хууль хяналтын байгууллагынхны шийдвэрээр банкуудад царцаачихаад байгааг эх сурвалжууд мэдээллээ.

Банкны нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтнуудын өгүүлж буйгаар АБА компанийн данс дахь 10 орчим тэрбум төгрөгийг нь одоогоор царцаасан гэнэ. Гэвч уг мөнгийг манай банкуудаас гаргуулан авахын тулд гадаадын иргэд нөлөөлөхийг оролдож байгаа гэсэн мэдээлэл ч бидэнд ирсэн юм. ОХУ болон Латви улсын иргэд хоорондоо холбоотой, гадаадын гэмт бүлэглэлийн хууль бусаар олж авсан орлогыг Монголд угаах ажиллагааг зохион байгуулж байсан юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй. Үүнийг хууль сахиулагчид нарийвчлан шалгах биз ээ.

Г.РАВЖАА

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
615946
2 эможи
keyboard_arrow_up