“ХҮСЭЛ, ХООСРОЛ”
Удаан холбоогүй байсан найзтайгаа хоолны газарт таарлаа. Тэр минь багын л ухаалаг, сэргэлэн, цовоо хүүхэд байсан. Эдэлж, хэрэглэж байгааг нь харахнээ сайн явж, сайхан амьдарч байгаа бололтой.
Бид хоёр ч бие биетэйгээ холбоо бариагүй, уулзаагүй удсан болохоор хэсэг юм ярьж суугаад салав.
Маргаашнаас нь бид өнжөөд л уулздаг боллоо. Ингэж явсаар бараг сар гаруй хугацаа өнгөрлөө. Найз маань эрхэлж буй бизнесийнхээ талаар ярьж, би ч бишрэн суув. Гайхалтай юмаа гэж уулга алдахад минь боломж байгааг хэлэв.
Би ч найзынхаа байгаа байдал, хэлсэн ярьсанд нь итгээд бизнест нь хөрөнгө оруулахаар шийдвэрлэв. Үүний гол зорилго нь ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох байв.
Хүний хэрэгцээ, шунал дуусашгүй. Уг нь нөхөр бид хоёрын цалин зээл, хоолондоо хүрээд л байгаа юм. Гэхдээ “умгар” нэг өрөө байраа гурван өрөө болгох, дундаа нэг биш тус тусдаа машинтай болчих юмсан гэх бодол минь найздаа хөрөнгө оруулахад хүргэлээ.
Ингээд би нөгөө “умгар” нэг өрөө байраа банкинд тавьж зээл аваад, найздаа 13 сая төгрөг өгсөн юм.
Найз маань болж бүтэх сайхан бүхнийг ярьж гарлаа. Нэг өдөр өнжөөд уулздаг байсан найзтайгаа гурав хоноод нэг уулздаг болов. Сүүлдээ долоо хоногтоо нэг удаа л уулзвал их юм боллоо.
Уузаж ярилцахаар миний юмыг бүтээх, бизнесээ сайжруулах гээд их завгүй байсан тухай ярина. Би ч тэвчээртэй сонсон хүлээдэг болов. Цаг хугацаа гэдэг ямар хурдан юм бэ? Ингээд нэг мэдэхэд долоон сар өнгөрсөн байлаа.
Нөхөртэй муудалцахаас эхлээд бид хоёрын дунд хэрүүл маргаан дуусашгүй.
Найз маань ч утсаа авахаа больж, хааяаа авахаараа удахгүй болно, бүтнэ цагдаа, шүүхийн байгууллагаар бүү яв гэнэ. Би ч өр, зээлээ бодсоор бүр сүүлдээ ажлаа хийх, гэртээ харихаас ч уур хүрдэг болов.
Нөхөр ч гэртээ ирэхээс дургүйлэхдэг болжээ. Цалингаас цалингийн хооронд ч зээлээ төлөөд, хоол хүнсээ базаагаад хоёр идэхгүй, хоосон хонохгүй байж байсан бол хичнээн аз жаргалтайсан бэ гэж бодох боллоо.
Гэтэл одоо бид өнөөх “умгар” байрнаасаа түрээсийн байрлуу шилжиж шинэ амьдрал эхлүүлэхээр болоод байна.
Тэр үед би найзынхаа худал хуурмаг ярианд итгээгүйсэн бол, өөрийн шунал хүслээ дарж, байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байсан бол жижигхэн гэртээ, хайрттайгаа аз жаргалтай байх байсан байхдаа.
Цагдаагийн байгууллагад 2020 оны нэгдүгээр улиралд залилах гэмт хэрэг 1394 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар буурсан байна.
“Ятгах тусам нягтал”