Гоо сайхны хагалгаанаас үүдэн нас барсан эмэгтэйн хэргийн шүүх хурал хойшиллоо
“Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд хохирогчийн өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Бадамханд нарын гаргасан гэрч Д.Тоднямыг оролцуулах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааны товыг жич зарлахаар хойшлуулжээ.
Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/-ийн 10.6-1 /Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Эргэн сануулахад, Өөх соруулах мэс заслаас үүдэн 29 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан. Талийгаач "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орж байх үеэр хүндрэл үүсэж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн ч амиа алдсан юм.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн тамгын газар
|