Ж.БОЛОРПҮРЭВ: Хорио цээрийн дэглэмийг зөрчиж ажиллах, архи борлуулах явдал ТҮГЭЭМЭЛ байна
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн энэ үед Гамшгаас хамгаалах тухай хууль, хорио цээрийн дэглэм зөрчих зөрчлийн гаралт нэмэгдсэн байна. Энэ талаар УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэхажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Болорпүрэвтэй ярилцлаа.
Хорио цээрийн байдал үргэлжилж байгаа энэ өдрүүдэд зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байна вэ?
Дэлхийн улс орнуудад COVID-19 шинэ коронавирусын тархалт эрс нэмэгдэж, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс Улсын онцгой комиссын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газар Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих болонбусад зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаарх судалгааг тогтмол хийж, гарсан зөрчлийг хуульд заасан хугацаанд үндэслэлтэй , шуурхай шийдвэрлүүлэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд анхаарах асуудлаар чиглэл өгөх зэргээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн өдрөөс буюу 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар эрх бүхий байгууллагууд Гамшгаас хамгаалах тухай хууль, хорио цээрийн дэглэм зөрчих зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нийт 445-ыг хүлээн авч, шалгаснаас 82,6 хувьднь хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулж, 9,8хувийг нь хүлээн авахаас татгалзаж, 2,9хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 3,1 хувийг нь харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шалгаж, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан тохиолдол нийт 110гарсан байна.
Эрх бүхий байгууллагуудын хүлээн авч шалгасан нийт 445 гомдол мэдээллийн 55 буюу 12,3 хувийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, 115 буюу 25,8 хувийг Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, 272 буюу 61,1 хувийг цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгаж шийдвэрлэжээ.
Улсын хэмжээнд нийт 31 зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 23 буюу 74,1 хувьд нь шийтгэл оногдуулж, 7 буюу 22,5хувьд одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаагаас Нийслэлийн прокурорын газрын хяналтад 3, Баян-Өлгий аймагт 2, Говь-Алтай, Дорнодод аймгуудад тус бүр 1 зөрчлийн хэрэг байна.
Ямар төрлийн зөрчлийн хэрэг түгээмэл гарч байна вэ? Ямар хариуцлага хүлээлгэж байна вэ?
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнэнэ үед 1 дүгээрт иргэдээс шинэ короновирустай холбоотой хуурамч дуудлага, мэдээлэл өгөх; 2 дугаарт хорио цээрийн дэглэм буюу засаг захиргаа, эрх бүхий байгууллагаас тогтоосон хязгаарлалтын хугацааг хэтрүүлж үйл ажиллагаа, үйлчилгээ явуулах; 3 дугаарт архи согтууруулах ундааг худалдан борлуулах; 4 дүгээрт хүмүүс олноор цугларах, бөөгнөрөл үүсгэх зэрэг зөрчлүүд голчлон гарч байна. Зөрчлийн тоо баримтаас харахад дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт 3383хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 1571 буюу 46,4 хувь, 14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 760 буюу 22,4 хувь, 5.3 дугаар зүйлд заасан “Хүний биед халдах” зөрчил 271 буюу 8 хувийг эзэлж, бусад төрлийн зөрчлөөс харьцангуй ихээр үйлдэгдсэн байна.
Дээрх зөрчлийн хэргээс 1822 буюу 53,8 хувийг шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, 347 буюу 10,2 хувьд нь эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулж, 131 буюу 3,8 хувийг тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, Цагдаагийн байгууллагад шилжүүлж, 52 буюу 1,5 хувийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгсэхгүй болгож, бусад 1030 хэрэг нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байна.
Прокурорын байгууллага дээрх төрлийн зөрчлийн хэргүүдэд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, илэрсэн зөрчлийг шуурхай шалган шийдвэрлэх чиглэлээр анхааран,холбогдох арга хэмжээг шуурхай авч, мэдээллийг цаг алдалгүй солилцон ажиллах талаар нэгж прокурорын газрууддаа чиглэл өгсөн байгаа. Холбогдох хууль, журам зөрчсөн тохиолдолд бүрт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хариуцлагыг оногдуулж, тухайн бүрт нь прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж ажиллаж байна.
Цаашид прокурорын байгууллагаас нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хорио цээрийн дэглэм тогтоосон энэ цаг үед төрийн болон эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, тогтоосон журмыг ягштал дагаж мөрдөх, зохиомол ачаалал үүсгэхгүй байх, хууль, журмаар хүлээсэн иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлж байна. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахыг уриалж байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”