Австралид буй Монгол иргэдийн АНХААРАЛД
1. Австрали Улсын Ерөнхий сайд Скотт Моррисон 2020 оны 4 дүгээр сарын 3-нд олон нийтэд хандан шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн тархалттай холбогдуулан Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийн талаар хэвлэлийн бага хурал хийх үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдаас Австралид түр оршин суугчид, тэр дундаа гадаадын оюутнуудын асуудлаар Засгийн газар ямар байр суурь баримталж буйг асуухад тэрбээр дараах хариултыг өгөв. Үүнд:
- Австралид түр визээр ирсэн хүмүүс, гадаадын оюутнуудад зориулсан мэдээллийг Цагаачлалын асуудал хариуцсан сайдын үүрэг гүйцэтгэгч ойрын өдрүүдэд өгнө. Гадаадын оюутнууд Австралид суралцахаар ирэхдээ эхний жилдээ өөрсдийгөө санхүүжүүлэх бүрэн чадвартайгаа нотолсны үндсэн дээр виз авдаг. Тэгэхээр Засгийн газраас тэдгээр оюутныг амлалт, үүрэг хариуцлагаа биелүүлнэ гэсэн бодит хүлээлттэй байдаг.
- Австралид төрөл бүрийн визээр ирсэн гадаадын олон хүн байгаа. Бид тэднийг энд хүчээр барьж, байлгаагүй. Тэдгээр хүмүүст өөрсдийнхөө санхүүгийн асуудлыг шийдэж чадахгүй бол гэр лүүгээ буцах хувилбар байгаа. Одоогийн хүнд цаг үед та бүхэн өөрийн улс руу буцаж, тэндээ авах боломжтой дэмжлэг, туслалцаагаа авах нь зүйтэй. Энэ цаг үед Австрали Улс нь өөрсдийн иргэд, байнгын оршин суугчиддаа гол анхаарлаа хандуулж, боломжит санхүүгийн туслалцааг үзүүлнэ зэрэг болно.
2. Австрали Улсын Ерөнхий сайд Скотт Моррисоны дээрх мэдэгдэл Австралид оршин суугаа гадаадын иргэдийн дунд нэлээн шуугиан дэгдээж байна. Үүнтэй холбоотойгоор Австралийн Цагаачлал, иргэншил, олон үндэстний асуудал хариуцсан сайдын үүрэг гүйцэтгэгч Алан Тадж тус улсад байгаа түр хугацааны визтэй гадаадын иргэдэд хандан дөрөвдүгээр сарын 4-ний өдөр мэдэгдэл хийжээ.
Уг мэдэгдлийн гол агуулгыг сийрүүлбэл:
Австралийн Засгийн газар иргэдийнхээ аж амьдрал, эрүүл мэндийг хамгаалах, чухал шаардлагатай салбаруудыг дэмжих, вирусийг даван туулах зорилгынхоо хүрээнд түр хугацааны виз эзэмшигчдэд чиглэсэн зохицуулалтдаа зарим өөрчлөлт оруулж байна.
Австралид өнөөдрийн байдлаар түр хугацааны визтэй 2.17 сая хүн байна. Эдгээр хүмүүс шаардлагатай зарим мэргэжлээр ажиллах, суралцах, гэр бүл, найз нөхдийндөө зочлох, амралтаараа ажиллах гэх мэт зорилгоор тус улсад ирсэн. Бид виз олгон дэмжсэн. Түр хугацааны визтэй хүмүүс Австралийн нийгэм, эдийн засгийн чухал хэсэг юм. Жишээлбэл, яг одоогоор 8000 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүд түр визтэйгээр эрүүл мэндийн системд ажиллаж байна.
Нөгөө талаас Австралийн иргэд, байнгын оршин суугчид, Шинэ Зеландын олон иргэн ажлын байрыг нь хадгалах бодлого, Засгийн газрын нөхөн олговорт хамрагддаг. Харин түр хугацааны виз эзэмшигчид тийм эрхгүй. Түр хугацаагаар ирж буй гадаадын иргэдэд Австралид байх хугацаандаа өөрсдийнхөө зардлыг бүрэн хариуцах шаардлагыг бид үргэлж тавьж ирсэн. Өнөөдрийн энэ өөрчлөлт нь коронавирусийн улмаас ажилгүй болсон эсвэл болох магадлалтай тэдгээр хүмүүст дэмжлэг болох юм.
ИРЭХ 6 САРЫН ТУРШИД ӨӨРИЙГӨӨ САНХҮҮЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ, ТҮР ХУГАЦААНЫ ВИЗТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЭХ ОРОНДОО БУЦАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Энэ өөрчлөлттэй холбоотойгоор австралийн иргэд, байнгын оршин суугчид, ажиллах эрхтэй түр хугацааны визтэй ихэнх хүмүүст хямралын үеийг даван туулахад нь туслах зорилгоор Австралийн тэтгэврийн сан (superannuation)-д төлсөн шимтгэлээ одоо буцаан авах боломжийг олгож байна. Эдгээртэй уялдуулан ирэх 6 сарын туршид өөрийгөө санхүүжүүлж чадахгүй, түр хугацааны визтэй хүмүүсийг эх орондоо буцахыг зөвлөж байна. Гэр рүүгээ буцах гэж буй тэдгээр хүмүүсийг аль болох хурдан зохицуулалт хийхийг хүсч байна.
Эрүүл мэнд, ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалах төв, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт үлдэх түр хугацааны виз эзэмшигчдэд тохирсон өөрчлөлтийг мөн хийнэ. Хамгийн чухал нь тэд эрүүл мэндийн тэргүүн эгнээнд ажиллагсдын тоог нэмэгдүүлэх, фермийн аж ахуйгаас дэлгүүрт хүнс зөөвөрлөх зэргээр чухал шаардлагатай худалдаа үйлчилгээг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэхээр ажиллах юм.
Хэдийгээр түр хугацааны визтэй иргэд Австралийн эдийн засаг, амьдрал ахуйд чухал боловч өнөөдөр тулгараад байгаа эрүүл мэндийн болон эдийн засгийн хямралаас болж олон австраличууд ажилгүй, орлогогүй болж байгаа тул өөрсдийн иргэд, байнгын оршин суугчдаа хамгаалах нь манай Засгийн газрын тэргүүлэх зорилго юм.
Визийн өөрчлөлтүүд:
Ихэнх төрлийн түр хугацааны визтэй хүмүүст дараах шинэ шалгуурыг тавих болно. Нөхцөл байдлыг тодорхой давтамжтайгаар хянан, шаардлагатай өөрчлөлтийг хийнэ.
Аяллын визтэй хүмүүст:
Өнөөдрийн байдлаар Австралид гадаадын 203,000 аялагчид (3 сар хүртэл байх хугацаатай) байна. Гадаадын аялагчдыг, ялангуяа гэр бүлээсээ дэмжлэг авч чадахгүй хүмүүсийг аль болох хурдан эх орондоо буцахыг сануулж байна. Мянга мянган хүмүүс ийм сонголт хийж байна. Бусад нь ч үүнийг дагах ёстой.
Гадаадын оюутнуудад:
Одоогоор Австралийн их дээд сургуульд 565,000 гадаадын оюутан, голчлон их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж байна. Тэд манай эдийн засаг болон дээд боловсролын салбарт томоохон хувь нэмэр оруулж байгаа бөгөөд 240,000 ажлын байранд ажиллаж байна.
Эдгээр оюутнуудыг өөрсдийн гэр бүлээс дэмжлэг авах, хадгаламжаа зарцуулах, боломж олдвол цагийн ажил хийх зэргээр хямралын үеийг Австралид даван туулахыг уриалж байна. Гадаадын оюутнууд визийн мэдүүлгийн нэг хэсэгтээ эхний жилдээ өөрсдийгөө санхүүжүүлэх бүрэн чадвартайгаа нотолсны үндсэн дээр виз авдаг. Харин 12 сараас дээш хугацаагаар суралцаж буй, санхүүгийн хүнд байдалд орсон оюутан тэтгэврийн сангийн хуримтлалаа авч болно.
Түүнчлэн Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсон гадаадын оюутнуудад зарим санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гадаад оюутнуудыг хариуцсан байгууллагуудтай хамтран ажиллан нэмэлт арга хэмжээг авах болно. Тухайлбал, зарим сургуулиуд гадаадын оюутнуудын сургалтын төлбөрт тодорхой хөнгөлөлт үзүүлж байгаа гэж бид үзэж байна.
Мөн манай Засгийн газар оюутнуудын визийн шаардлагыг хангаж буй эсэхэд уян хатан хандаж байгаа болно. Гадаадын оюутнууд хоёр долоо хоногт 40 хүртэл цаг ажиллах эрхтэй. Нэн шаардлагатай салбарт тухайлбал, ахмадуудын асрах газарт сувилагчаар ажиллаж буй оюутнуудын ажил хийх боломжтой цагийг нэмэгдүүлсэн.
Хэрэгцээ шаардлага нэмэгдсэнтэй холбогдуулан томоохон сүлжээ дэлгүүрүүдийн лангуунд бараа бүтээгдэхүүн өрөх ажил хийж буй оюутнуудын ажиллах цагийг мөн сунгасан. Харин 5 дугаар сарын 1-нээс эдгээр ажлын байранд австрали иргэдийг түлхүү ажиллуулах тул гадаадын оюутнуудын ажиллах цагийг хоёр долоо хоногт 40 цагаар хязгаарлахаар болсон гэдгийг Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.