Н.АЛТАНБААТАР: Нэг хэсгийн байцаагч 2-6 хүний үүрэг гүйцэтгэж, ачаалалтай ажиллаж байна

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Н.АЛТАНБААТАРТАЙ ярилцлаа.

-Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоог хэзээ хэрхэн байгуулах болсон бэ?

-Цагдаагийн байгууллагад ажил  лаж байх үеэс л ийм холбоо байгуулах санаа төрж байлаа. Миний бие 2009 онд өөрийн хүсэлтээр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн. Үүнээс хойш мөр зэрэгцэн ажиллаж байсан алба хаагч болон ахмад ажилтнуудтайгаа санал бодлоо солилцож явсаар энэ албанд ажиллаж байсан хэсэг нөхдийн хамт  2013  онд хуулийн этгээдээр бүртгүүлж албан ёсоор энэхүү холбоогоо байгуулсан юм.

-Танай холбоо хэчнээн гишүүнтэй вэ. Гишүүдийнхээ эрхийг хамгаалахын тулд ямар аж лууд хийж байсан бэ?

-Манай холбоо албан ёсны гишүүнчлэлээр цагдаагийн алба хаагчдыг бүртгээгүй. Учир нь, Цагдаагийн албаны тухай хуулийн 8-р бүлгийн 69 дүгээр зүйлд цагдаагийн алба хаагчид хориглох зүйлүүдийг тусгаж өгсөн байдаг.

Тухайлбал, 69.1.8 -д “Нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг тул алба хаагчид гишүүн биш. Харин тус холбооны дэмжигчид юм. Гэр бүлийн гишүүн болон цагдаа, дотоодын цэргийн ахмад ажилтнууд маань гишүүнчлэлээр бүртгүүлээд явж байгаа. Тус холбооны үндсэн чиглэл нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа явуулах, нийгмийн баталгааг хангуулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай хамтран ажиллах юм.

Дээрх хүрээнд  алба хаагчдын санал хүсэлт, гомдлыг хүлээн авах, цаашид шийдвэрлүүлэх ямар асуудлууд байгаа зэрэгт санал бодлыг нь сонсох, хүлээн авах үүднээс Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо нэртэй фэйсбүүк, хаалттай групп нээн ажиллуулж ирсэн. Тус группэд өнөөдрийн байдлаар 19718 хүн холбооны үйл ажиллагааг дэмжин нэгдсэн байдаг. Үүнд, өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэрэгт ажиллаж буй 8100 гаруй алба хаагч нэгдсэн байгаа. Бусад нь ахмад ажилтан, алба хаагчдын гэр бүлийн хүмүүс, холбооны үйл ажиллагааг дэмжигч иргэд, хууль зүйн болон бусад салбарын хүмүүс байдаг. Энэхүү группээр дамжуулж алба хаагчдад мэдээ мэдээлэл хүргэх, тэдний гэр бүл, алба хаагчдын санал хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудад хүргэх, уламжлах зэргээр ажиллаж байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, тус холбоо шийдвэр гаргах эрх бүхий субьект биш гэдгийг хэлэх нь зөв байх. Хийсэн ажлуудаас товч дурдвал, Алба хаагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах хүрээнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2018 оны хоёрдугаар сард өөрчлөлт оруулсантай холбоотойгоор алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурах, мөн дараалсан 6-7 жил гэх эмэгтэй алба хаагчдад хохиролтой заалтууд орсон байсан.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан С.Бямбацогтод тус холбооноос удаа дараа хандаж цаашид үүсэж болох нөхцөл байдал, хор уршгийн талаар ярилцаж, санал хүргүүлж  байлаа. 2018 оны УИХ-ын намрын чуулганаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг С.Бямбацогт гишүүн нэр бүхий гишүүдийн хамт өргөн барьж батлуулснаар алба хаагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах тал дээр хийсэн том ажил байлаа.

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт заасан ажилласан жил тооцох ажлын байрны жагсаалтад хамрагдаагүй алба хаагчдын гомдол хүсэлтийг хүлээн авч ЦЕГ-ын дарга, удирдлагуудад хүргүүлж, шийдвэрлүүлснээр тухайн ажлын байрны жагсаалтад цагдаа-жолооч, мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, хүүхдийн байцаагч, хэв журмын тасаг, хэсгийн дарга нар хамрагдах болсон.  Цагдаагийн алба хаагчид 24 цагаар эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэх хугацаанд хоолны мөнгө 3500 төгрөг байсныг 5000 болгох шийдвэр гаргуулсан. Орон сууцанд орсон 156 алба хаагч ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй, тухайн байрыг барьсан компанийн арилжааны зээл болох 15.6 хувиар орон сууцныхаа зээлийг төлж, алба хаагчдад өрийн дарамт үүсч байсан асуудлыг ЦЕГ-т уламжилж, тухайн алба хаагчдыг найман хувийн ипотекийн зээлд хамрууллаа. Тус холбоонд өмгөөлөгч ажилладаг бөгөөд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 15  алба хаагчид өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласан.

Цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 586 ахмад ажилтан маань 36 сарын нэг удаагийн тэтгэмжийн мөнгөө төсвийн хүндрэл, санхүүжилт дутмаг байдлаас улбаалж хоёр жил авч чадахгүй явсан асуудлыг уламжилж шийдвэрлүүллээ.

-Танай холбоонд цагдаагийн ар гэрийнхэн хэр их ханддаг вэ. Чухам ямар асуудлаар хандах вэ?

-Манай цагдаагийн алба хаагчдын ар тал болох гэргий нар эр нөхрөө дагаад орон тооны бус алба хаагч болсон байдаг. Гомдол гэхээс илүүтэй санал бодлоо хуваалцах, энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллаарай гэх зэргээр ар гэрийн хүмүүс хандах нь нэлээд байдаг. Нийтлэг асуудал нь хөдөө орон нутаг, сумдад амьдрах орон байр байхгүй, цагдаагийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хувцас формын хангалт, амралтгүй цаг наргүй ажилладаг гээд олон  асуудал байдаг.

-Аймаг орон нутагт ажиллаж буй цагдаагийн алба хаагчийн амьдралын нөхцөл байдал хуучнаас хэр өөрчлөгдсөн бол. Энэ тухай “Маск” продакшны хошин шог хүртэл байдаг шүү дээ?

-Цагдаагийн алба хаагчдын ажиллах хууль эрх зүйн баталгаа бүрэн бүрдээгүй ч Цагдаагийн албаны тухай хуулийг 2017 онд баталсан нь тус хуульд алба хаагчдын хууль зүй, улс төр, нийгэм, эдийн засгийн баталгааг тусгаж өгснөөрөө онцлог болсон. Цаашид анхаарч сайжруулмаар зүйл олон бий. Аймаг, орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдыг амьдрах орон байр, унаа тэргээр хангах, ажиллах  орчин нөхцөлийг сайжруулах асуудал дээр ЦЕГ -ын зүгээс болон аймаг, орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллаж байгаа. Гэвч энэ бүхэн маань бас л нөгөө улс орны төсөв, мөнгөтэй холбоотой учир мэдээж хомсдолтой байгаа. Аймгийн төвөөс алслагдмал сумдад ажиллаж буй хэсгийн төлөөлөгч, цагдаа нар маань дээр өөрийн чинь жишээ болгон дурдсан хошин шогийн үзүүлбэр шиг яг л тийм байдалтай байгаа шүү дээ. Сумдад тусгайлсан байр байхгүй учир тухайн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг аймгийн төв рүү хүргэх, саатуулах болоход өөрсдийн ажлын байр болох кубондоо оруулаад хамтдаа л байна шүү дээ. Тэр хүнийг чинь харгалзах хүнгүйгээр хаяад явж болохгүй, дараагийн дуудлага ирлээ гэхэд дагуулаад эсвэл хажуу хананы цаана байгаа гэр бүлдээ үлдээгээд явах зэрэг хүндрэлтэй асуудлууд одоо ч байгаа.

Н.АЛТАНБААТАР : Хоёр алба хаагчийн оронд нэг хүн томилно гэвэл ачааллыг улам нэмэгдүүлнэ Arslan.mn

-Та цагдаа болно гэж хэзээнээс бодсон бэ. Яагаад цагдаа болчихсон юм бэ?

-Ухаан суух үеэс л миний амьдрал цагдаагийн албатай холбоотой байсан. Миний аав насаараа цагдаагийн байгууллагад ажилласан хүн.  Намайг дунд сургуульд сурч байхад аав минь ажил руугаа явж байх замдаа бие нь муудаад эмнэлэгт очоод нас барсан юм. Түүнээс хойш би энэ сайхан албанд орж аавынхаа ажлыг үргэлжлүүлнэ гэсэн хүүхэд насны мөрөөдөлтэй үлдэж билээ. Ингээд миний бие дунд сургуулиа төгсөж, ОХУ руу хуваарь авч Ленинград хотод суралцсан. Төгсөж ирээд, 1990 онд Эрдэнэт хотын цагдаагийн хэлтэст цагдаагаар орж байлаа. 

-Ер нь Монголд ойролцоогоор хэчнээн цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах  ажилд  үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Цагдаагийн байгууллагын хүн хүчний тоо нь нууцын зэрэглэлд байдаг. Гэхдээ ойролцоогоор 8000 гаруй алба хаагч төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.          

-Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа харамсалтайгаар алдсан алба хаагчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Ер нь өнгөрсөн хугацаанд хэчнээн алба хаагч  амь насаа алдсан байдаг вэ?

-Цагдаагийн байгууллага нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш улс орны нийгэм, төрийн байгууламжийн хөгжлийн бүхий л үе шатанд хөгжиж, бэхжиж ирсэн Монгол төрийн ууган байгууллагын нэг. Энэ хугацаанд Төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явсан олон сайхан алба хаагч албан үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа харамсалтайгаар алдсан байдаг. Цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан 90 гаруй алба хаагч байдаг. Амь насаа алдсан алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний үйл хэргийг мөнхжүүлэх, гэр бүл, төрөл төрөгсдөд нь хүндэтгэл үзүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас жил бүрийн долоодугаар сард “Бид мартахгүй”  хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг.

-Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед цагдаа хүчний байгууллага, алба хаагчид олон цагаар тасралтггүй ажиллаж байна. Энэ тохиолдолд цалин хөлсөнд  өөрчлөлт оруулдаг болов уу?

-Дэлхийн олон улсад “COVID-19” гэх цар тахал гарсантай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжин ажиллаж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед цагдаагийн алба хаагчид ямар их ачаалал, эрсдэлтэй нөхцөлд өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байгааг та бүхэн анзаарсан байх. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаас гадна эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын алба хаагчид мөн л цаг наргүй ажиллаж байна. Энэхүү цар тахлын аюул намжиж, нөхцөл байдал хэвийн болсон үед цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын  цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлэн олгоно гэдэгт итгэж байна. Ер нь  бол иймэрхүү нөхцөл байдалд ажилласан цагдаагийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлж олгох асуудлыг орхигдуулдаг тал бий.

-Ер нь Монголын төрд цагдаа хүчний байгууллагын ажиллах хүний нөөц хэр бэлтгэгдсэн бэ. Зарим нь илүү цагаар ачаалалтай ажиллаж байна гэсэн гомдол гаргадаг  болов уу?

-Таны асуулт өнөөдөр тулгамдаж буй асуудлыг хөндсөн зөв асуулт байна. Алба хаагчид гомдол гаргаад явах нь ховор л доо. 2011 онд баталсан Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын  153 дугаар тогтоол гэж байдаг. Уг тогтоолын хавсралтаар цагдаагийн байгууллагын бүтэц, орон тооны жишиг нормативыг баталж өгсөн. Үүнээс нэг жишээ дурдахад, 4000 хүн ам тутамд нэг хэсгийн байцаагч байна гэж заасан боловч нийслэлд хүн амын шилжилт хөдөлгөөн ихээр нэмэгдэж, нягтаршил ихэссэнтэй холбоотойгоор нэг хороо  8-28 мянган хүн амтай байна. Тэгэхээр нэг хэсгийн байцаагч  үндсэндээ  2-6 хүний ажлыг хийж,  маш их ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр хүн амдаа хүрч ажиллах, гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажлууд орхигдох, хугацаа алдах, стресст өртөх, бухимдал үүсэх, гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс болж, үүнээс үүдэн гэр бүл дотор үл ойлголцол бий болох зэрэг асуудал үүсдэг. Энэхүү жишиг нормативын дагуу өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагын хэмжээнд 5000 гаруй ахлагч, офицерын орон тооны хомсдолтой, хүн хүч дутмаг байна.

Хэдийгээр орон тоо, хүн хүч дутуу байгаа ч цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих хэмжээнд гүйцэтгэж яваа. Тиймээс Монгол Улсын Засгийн газар цагдаагийн байгууллагын төсөв хөрөнгө, жишиг нормативын дагуу орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

-Ер нь дэлхийн орнуудад цагдаагийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллага хэр байдаг бол?

-Бидний даган дуурайх дуртай гадаад улс орнуудад хуулиараа хүлээн зөвшөөрөгдсөн Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо, Үйлдвэрчний эвлэл, Цагдаагийн холбоо гэх мэт байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Жишээ нь, ОХУ-д Үйлдвэрчний эвлэл, Америк, Европын улс орнуудад цагдаагийн эрх ашгийг хамгаалах холбоо, ТББ-д алба хаагчид нэгдэн орсон байдаг. Харин манай улсад тус холбоо өөрсдийн итгэл, сэтгэлээрээ элдэв санхүүжилтгүй, бор зүрхээрээ халааснаасаа санхүүжүүлэн зүтгэж явна даа.

-Цалин гэдэг бол тухайн ажилтныг хөдөлгөх гол хөшүүргийн нэг. Цагдаагийн алба хаагчид дунд цалиндаа сэтгэл хангалуун бус байх тохиолдол байдаг. Одоогийн байдлаар нэг цагдаагийн дундаж цалин хэдэн төгрөг байдаг вэ?

-Цагдаагийн алба хаагчдын цалин хөлс бусад төрийн тусгай алба хаагчидтай харьцуулахад маш бага. Шинээр цагдаагийн алба хаагч болж орлоо гэхэд үндсэн цалин 550 мянган төгрөг шүү дээ.  

Гэхдээ энэ албанд ажиллаж буй алба хаагчид маань цалин хөлс бага гэж голдоггүй,  өөрсдийн хүсэл сонирхол, итгэл үнэмшлээрээ нэр төртэй энэхүү албанд өөрийн амь насаа ч үл хайрлан зүтгэж явна.

-Монголын цагдаагийн алба хаагчдад тулгарч буй бэрхшээл юу байдаг вэ. Үүнийг шийдэх арга замыг эрэлхийлж байна уу?

-Хамгийн том асуудал нь дээр дурдсан Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу цагдаагийн байгууллагын орон тоо, хүн хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагууд энэ асуудалд анхаарч, санал, хүсэлтээ Засгийн газар болоод холбогдох газруудад уламжилж байдаг. Орон тоо, хүн хүч дутмаг байдлаас улбаалаад алба хаагчдын ажлын ачаалал ихсэж байна. Цагдаагийн байгууллагын төсөв, хүн хүч, орон тоог нэмэгдүүлэх аваас эдгээр бүх асуудал аяндаа шийдвэрлэгдэх юм. Мөн цагдаагийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Эдгээр алба хаагчид амралтын өдөр гэж бараг байхгүй, хагас, бүтэн сайнд ч байнга ажиллаж байна. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажилладаг.  Гэвч энэ хүмүүст Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу илүү цаг, амралт, баярын өдрүүдэд ажилласан нэмэгдлүүдийг  тооцож олгодоггүй. Уг нь хуулиараа олгох ёстой ч орхигдоод өнгөрдөг. Энэ хоёр асуудлыг шийдвэрлэвэл олон олон алба хаагч, тэдгээрийн гэр бүлд том дэмжлэг болох юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615611
13 эможи
keyboard_arrow_up