БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 261 иргэнээ авчирлаа
Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд өчигдөр орой газарджээ.
"Урьдчилсан байдлаар онгоцонд яваа эрүүл ахуйн улсын байцаагчаас авсан мэдээллээр тусгай үүргийн онгоцоор Сөүлээс 261 иргэн ирж байна. Үүнээс зургаа нь хүүхэд. 11 зорчигчийг ХӨСҮТ-д, 24 зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлаж, үлдсэнийг нь бусад амралтын газарт тусгаарлана. ХӨСҮТ-д тусгаарлах 11 иргэн нь транзит нислэгээр Сөүлд ирсэн.
МХЕГ-ын эрүүл ахуйн улсын хоёр байцаагч онгоцонд иргэдээс асуумж авч, халууныг нь үзэж, хянаж явсан" гэж МХЕГ-аас мэдээллээ.
Тусгай үүргийн онгоцонд МХЕГ-ын эрүүл ахуйн хоёр улсын байцаагч, ХӨСҮТ-ийн нэг эмчтэй баг явсан байна.
Харин Улсын онцгой комиссын шуурхай штабаас "Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авчирлаа.
Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Альфа, Дрийм, Корпорэйт зочид буудлуудад 21 хоног тусгаарлана. Ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм" гэв.
Улсын Онцгой комисс:
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-д COVID-19 вирусийн халдварын шинжилгээ өгч сөрөг гарсан 255 том хүн, 6 нярай хүүхэд ирж байна.
Өнөөдөр ирсэн иргэдийг тусгаарлалтад 21 хоног байлгаж, давтан шинжилгээнүүд авна.
Эх сурвалж: МХЕГ
|