560 килограмм адууны өлөн гэдэс улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ
Адууны өлөн гэдэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг Гаалийн ерөнхий газраас илрүүлжээ.
Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр өнөөдөр (2020.04.02-нд) Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай буюу нийт 560 кг адууны өлөн гэдсийг нууцаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан байна.
Ийнхүү үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа бөгөөд адууны өлөн нь тарифын бус хязгаарлалттай бараа ажээ.
Зөрчлийн тухай хуулийн 11.21.11-д Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Эх сурвалж: ГЕГ
|