Тусгаарлагдсан иргэдийг үзэн ядуулах мэдээлэл хэнд ашигтай вэ?
Аюулт коронавирусын үед болсон, болоогүй сошиал мэдээнд стресстэхгүйн тулд зөвхөн ЭМЯ, Онцгой комиссын мэдээллээ л үзээрэй, итгээрэй гэж өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зөвлөж, иргэд ч дуулгавартайгаар өдөр бүрийн 11:00 цагийн мэдээллээ хүлээдэг болсон. Тэдний хэлсэн үг бүрийг хичээнгүйлэн дагаж, сайшаан баярлаж, магтан урамшуулсаар байгаа. Гэвч сүүлийн өдрүүдэд албан мэдээлэлдээ тусгаарлалтад буй иргэдийн тухай аар саар, таагүй мэдээлэл өгснөөр олныг бухимдуулж, талцуулах боллоо.
Тусгай үүрийн онгоцоор эх орондоо ирсэн 2000-аад иргэн тусгаарлалтад буй. Гадны орнуудад хагалгаанд орсон, эмчилгээ хийлгэсэн, жирэмсэн, бага насны хүүхэдтэй хүмүүсээ эхэлж авчирсанд ард түмэн талархаж буй. Гэтэл ээж, аавдаа хов зөөх хүүхэд шиг “Мөөгтэй хоол идэхгүй гэж уйллаа, варьентай талх шидлээ, эмч нараараа хоол зөөлгөж буй азтай хүмүүс” гэх мэтийн мэдээллийг хариуцлагатай албан тушаалтай хүмүүс нь албан мэдээндээ өгч, ард иргэдээ турхирч байгаа нь хэр зохистой вэ. Хэнд ашигтай болоод тусгаарлагдсан иргэдийг үзэн ядуулах мэдээллийг өдөр алгасахгүй өгөөд байна вэ.
Эмч, онцгой, цагдаа, хүчнийхэн, төрийн албаныхан маань цаг наргүйгээр, эрсдэл дунд сайн ажилллаж байгааг нь ард түмэн харж, мэдсээр атал ард түмнээ хилийн гадна орхихгүй гэсэн төр засгийн шийдвэрээр авчраад тусгаарлаж буй 2000 иргэнийг баалж, 2-3 болчимгүй хүний ааш авирын төлөө сошиалаар турхируулж буй нь ёс зүйгүй үйлдэл юм.
Уулын мод урттай богинотой. Хүн бүр л олон янзын ааш араншинтай. Дээр нь хязгаарлагдсан орон зайд олон хонож, цоожтой хаалганы цаана хөл хорионд байхад хүний сэтгэлзүйд нөлөө үзүүлнэ. Тиймээс дэлхий нийтээр гамшгийн үеийн сэтгэлзүйн тухай ярьж, зөвлөж байна.
Үүгээрээ тусгаарлалтын шаардлага дагахгүй элдэв авир гаргаж зодоон цохион хийж талх хоолоо шидэж буй хүмүүсийг өмөөрөх гэсэнгүй. Гол нь тэр болохгүй бүтэхгүй ааш гаргаад байгаа нөхдийг шийдвэрлэх хууль журам, гамшгийн үед авах арга хэмжээ гэж бий. Түүгээрээ шийдээд, тэндээ зохицуулаад явах нь хуультай шүүхтэй төрийн үүрэг.
Уржигдарын мэдээлэлд дурдсан мөөгтэй хоолны асуудал бол Цэргийн төв эмнэлэгт тусгаарлалтад буй жирэмсэн эмэгтэй идэхгүй гэснийг бүх хүн мөөгтэй хоол голсон мэт зарласнаас үүдэлтэй. Жирэмсэн хүн эх баригч, эмэгтэйчүүдийн хяналтанд байж, гэр бүлийнхээ маш сайн халамжинд төрөх эрхтэй хүмүүс. Гэтэл хэцүү цагт хөл хорионд орчихдог, үхлийн аюултай халдварт өвнөөр өвдсөн байх вий, өвдөх вий гэсэн айдастай, хүссэнээ идэж ууж чадахгүй, гэрийнхэнтэйгээ уулзаж ч чадахгүй байгаадаа хангалттай стресстэж байгаа. Дээр нь жирэмсэн хүнд хориглодог мөөгтэй хоол өгөхөөр яаж идэж чадах билээ дээ.
“Нэг удаадаа мөөг идэхэд яав л гэж, эсвэл идэхгүй дуугүй өлсөөд сууж бай, эр нөхөртөө эрхлэж байгаа биш, аашаа тат” гэж сошиалаар дайрч давшилж байгаа хүмүүс хэрэв гэнэ алдаж ураг зулбах, үр хүүхдээ алдах асуудал үүсвэл яах билээ. Энх цаг шиг төрөх эмнэлгээ бараадаж чадах биш. Эх, үрийн амь насыг хэн хариуцах билээ. Энэ мэтчилэн ил далд олон эмзэг асуудал эх орондоо ирээд тусгаарлалтад дураараа дургиад байгаа гэж адлагдаж буй хүмүүсийн дунд бий. Дээр нь нэмээд сошиал дайралт тэдний сэтгэлзүйд хүндээр тусч буйг бодолцох хэрэгтэй.
Хэрэв тусгаарлалтад байгаа хүмүүсийн нэрсийг зарлах юм бол “зод, ал, устга, хөөж явуул” гэж дайрч буй энэ олон хүн юу ч хийж мэдэхээр санагдав. Эдгээр иргэдийн аюулгүй байдал гэдэг эрүүл мэндийг нь хамгаалахтай агаар нэг чухал гэдгийг санах хэрэгтэй.
Албаны мэдээллийн цагаараа хариуцлагатай албан тушаалтнууд нь албан мэдээгээ л өгч, аар шаар асуудлаа тогоондоо дотроо ярьж, сайд, даргаараа шийдвэрлүүлж явахгүй бол коронавирусаас илүү аюултай сошиалвируст ялагдаж мэдэх нь гэдгийг сануулж Улсын онцгой комиссынхонд хаяглая.
М.Зүйр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин