Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 14:00 цагт эхэлсэн.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас "Шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргажээ.
Иймд шүүх талуудын гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулахаар болсон байна.
Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан "Онц харгис хэрцгийгээр хүнийг алах" гэмт хэрэгт яллаж, шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
|