Олон жил царцаагдаад байсан 300 ортой эмнэлэг II улиралд ашиглалтад орно

2020 оны 4 сарын 01

Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай барилга байгууламжийн нэг нь төрөх болон хүүхдийн эмнэлэг. Тэгвэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд царцаагдаад байсан 300 ортой эмнэлэг 2020 оны II улиралд ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос 10 гаруй жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжилттай барилгыг эхлүүлсэн боловч нэмэлт төсөв шаардлагатай болсноор 2013 онд барилга угсралтын ажлын гүйцэтгэл 34%-тайгаар зогссон байдаг. Харин 2017 онд “Томо бюлдинг” компани концессын гэрэээгээр царцсан гэх тодотголтой байсан барилгыг үргэлжлүүлж,  2018 оны дөрөвдүгээр сараас барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Үндэсний бүтээн байгуулагч “Томо Бюлдинг” компани нь өөрсдийн босгосон санхүүгийн эх үүсвэрээр барилгын ажлыг  үргэлжлүүлсний үр дүнд дэвшилтэд технологийг нэвтрүүлж, олон улсын стандарт бүхий, ашиглагч байгууллагын зориулалт, шаардлагад нийцүүлсэн барилгыг удахгүй ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Эрүүл мэндийн яамны захиалгаар, Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн уг барилгын ажлын гүйцэтгэл 96 хувьд хүрчээ.

Тус барилгыг Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн зориулалтаар ашиглахаар төлөвлөөд байгаа бөгөөд, долоон блок 34230 м2 талбай бүхий есөн давхар барилга нь иж бүрэн тусгай зориулалт бүхий тоноглолтой, хүүхдийн 140, эх барих, эмэгтэйчүүдийн 160 ортой төрөлжсөн эмнэлэг болж байгаа юм.

Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орсноор нийслэлийн Хүрээ амаржих газар буюу II төрөх эмнэлэг шилжин орж үйл ажиллагаагаа явуулах юм. Тус эмнэлгийн хувьд Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувь нь оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн эх хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Хүчин чадал нь 75 ортой ч ачааллын улмаас 45 ор нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар 120 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Энэ мэт эрүүл мэндийн салбарт хэрэгцээ шаардлага бүхий эмнэлгийн барилга 25, эрүүл мэндийн төв 29, эмчийн хөгжлийн төв нэг, эмнэлгийн барилгын засварын ажил 21, нийт 76 төсөл арга хэмжээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд амжилттай хэрэгжсэн байна. Эдгээрээс 31 төсөл арга хэмжээг бүрэн дуусгаж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан бөгөөд, бусад төсөл арга хэмжээ он дамжин хэвийн үргэлжилж байна.

2020 онд эрүүл мэндийн салбарт шинээр хэрэгжих 18 төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалт улсын төсөвт тусгагдсанаас 3-р сарын байдлаар 10 төсөл арга хэмжээ тендер зарлагдаж барилга угсралт, шугам сүлжээ , засварын ажил эхлэх бэлтгэл ажлуудаа хангаад байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615508
8 эможи
keyboard_arrow_up