“Тайшир-Алтай” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Говь-Алтай аймгийн төвийг ундны цэвэр усаар хангах "Тайшир-Алтай" төсөл үргэлжилж байна. Уг төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан 40 сая еврогийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 14 сая еврогийн Австрийн хөнгөлөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй.
Алтай хотын хүн амын усан хангамжийг сайжруулах зорилготой “Тайшир-Алтай” төсөл Монголдоо анхдагч нь гэж хэлж байна. Төслийн талбарт туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “Сайрамбулган" компанийн монгол инженерүүдийн ур ухаанаар төслийн гадаргын ус авах хэсгийн хүндрэлтэй ажлыг хийж гүйцэтгэж дуусаад тун саяхан олон нийтэд танилцууллаа. Энэхүү Гэгээн нуураас ундны ус татах, нуурын мандал дээр шугам хоолой угсарч суурилуулах, живүүлэх ажил нь урд өмнө нь манай улсад хийж байгаагүй барилга угсралтын ажил гэдгээрээ онцлогтой юм.
Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон Ш.Раднаасэд “Тайшир Алтай” төслийн бүтээн байгуулалт амжилттай урагшилж байгааг онцолжээ. Алтай хотын ус хангамжийн усны нөөцийн одоо ашиглаж байгаа эх үүсвэр нь хүн амын ундны усны стандартыг хангадаггүй, кальци, магнийн харьцаа алдагдсан, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаагаас гадна усны нөөцийн хэмжээ ус хэрэглээний өнөөдрийн хэрэгцээг хангаж чаддаггүй. Урьд өмнө хийгдсэн газрын доорх усны эрэл хайгуулын олон төсөл хэрэгжүүлж ирсэн боловч хүрэлцэхүйц хэмжээний нөөц, чанарын шаардлагыг хангах эх үүсвэр тогтоож чадахгүй байсаар өнөөг хүрчээ.
Харин “Тайшир-Алтай” төслийн хүрээнд гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэд оруулан хүн ам, аж үйлдвэр, фермерийн усан хангамжийг шийдвэрлэхээс гадна Алтай хотын усны хэрэгцээг хангах, усны нѳѳцийн баталгаат эх үүсвэртэй болох, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг онцгой ач холбогдолтой юм.
Тухайлбал, Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 50 гаруй км орчим урттай далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотод хүргэнэ. Үүний үр дүнд Алтай хотын 19 мянган хүн амын амьдрах нөхцөл болон тэдэнд үзүүлэх усны үйлчилгээний чанар дээшлэх юм. Мөн ус дамжуулах яндан хоолойн дагуу ус гаргах цэг байгуулж 3-4 фермерийн аж ахуй болон ойн зурвас, ногоон төгөл байгуулснаар цөлжилттэй тэмцэх томоохон байгууламж цогцлох юм байна.