Б.Ууганбаяр: Сэлэнгээс ирж тусгаарлагдсан нэг иргэн тусгаарлалтаас гараад гэртээ 2-3 хоног архидан согтуурсан
Улсын онцгой комиссын шуурхайн штабаас мэдээлэл хийлээ.
"Сэлэнгээс Улаанбаатарт ирж тусгаарлагдсан нэг иргэн тусгаарлалтаас гараад гэртээ 2-3 хоног архидан согтуурсан"
Энэ үеэр УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “ Одоогоор 2516 хүн тусгаарлалтад байна. сүүлийн тав хоногийн байдлаар 150 орчим хүн тусгаарлах байрнаас гарсан. Харин тусгаарлалтаас гарсан иргэд гэртээ дэглэм сахих ёстой. Гэтэл тусгаарлалтаас гарсан иргэд архидан согтуурах тохиолдол гарч байна.
Тухайлбал, Сэлэнгээс Улаанбаатар хотод ирсэн нэг нөхөр байна. Хоёр гурван хоног архидан согтуурлаа. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Холбогдох арга хэмжээ авна. Хатуу ярина. Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна. Олон дахин сануулж хэлж байхад дэглэм зөрчиж байна.
Мэргэжлийн байгууллагуудын хэлж байгаа шиг халдварын далд үе нь байвал яах вэ. Энэ асуудлыг ойлгохгүй хүмүүс байна. Тэдэнтэй хатуухан ярина гэдгээ хэлье" гэсэн юм.
Тусгай үүргийн онгоцоор ирэх 750 иргэнийг нэг, нэгээр нь 21 хоног тусгаарлах шийдвэр гаргасан билээ. Харин одоогоор тусгаарлалтад 360 орчим хүнийг хүлээж авах боломж байгаа аж. Тиймээс өнөөдөр УОК-ын удирдлагууд томоохон зочид буудлуудын эзэдтэй уулзаж, буудлуудыг тусгаарлах байр болгож ашиглах саналаа хэлсэн байна.