Э.БАЯРБАЯСГАЛАН: Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хөндлөнгийн туслалцаа хамгийн чухал

2020 оны 3 сарын 27

Arslan.mn

ЦЕГ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлстсээс орон даяар ХАЙР ӨВТГӨДӨГГҮЙ  аяныг амжилттай зохион байгуулсан. Энэ аяны үр дүн, хийж хэрэгжүүлсэн ажлын явцын мэдээллийг ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийллэлтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалантай ярилцлаа. 

-Хайр өвтгөдөггүй  аяны  хүрээнд маш олон нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж,  дуусах шатандаа орж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын  Хүн амын сан зэрэг байгууллагуудтай хамтран “Хайр өвтгөдөггүй”  аяныг зохион байгуулж байна. Таны хэлснээр аяны хүрээнд маш олон арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байгаа. Үүнээс нь дурдвал, “Миний гэр бүл миний ертөнц” хэмээх шүлэг, гар зургийн уралдааныг зохион байгууллаа.  Өнөөдрийн байдлаар дээрх уралдаануудад  байр эзэлсэн хүмүүсийг шалгаруулж ажил дуусан. 

Бид  гар зургийн уралдаанаа зохион байгуулахдаа насны ангиллуудыг тогтоож өгсөн.  Тухайлбал,  6-10, 11-14 насны ангилалд хуваасан.  Гар зургийн уралдаанд нийтдээ 69 бүтээл ирсэн бөгөөд орон нутгаас бүтээлүүд ч ирсэн.

6-10 насны ангилалд 17-р сургуулийн 10 настай М.Агиймаа тэргүүн байр, 2-р байранд МУБИС-ын лицей сургуулийн сурагч Х.Энэрлэн, 3-р байранд  Шинэ монгол сургуулийн сурагч А.Сэндэр тодорсон. Харин тусгай байранд Сэлэнгэ аймгаас оролцож буй  Э.Намуунзул охин тус тус шалгарсан байна. 

11-14 насны ангилалд  Монгени цогцолбор сургуулийн сурагч Б.Никкол тэргүүн байр, 2-р байранд 44-р сургуулийн сурагч З.Мэргэн, 3-р байранд Дархан-Уул аймгийн сурагч н. Мишээл, тусгай байранд монгени сургуулийн сурагч  А. Мишээл тус тус шалгарсан.Харин шүлгийн уралдаанд 1-р байранд Б.Баттулгын “миний ертөнц” шүлэг, 2-р байранд С. Пүрэвсүрэнгийн “Хайр өвтгөх учиргүй” шүлэг, 3- р байранд Ж .Даваадамдин “Дайн” шүлэг, тусгай байранд А.Лхагваагийн “Яах гэж би” шүлэг , дараагийн тусгай байранд Б.Мөнхжаргалын “Ааваа та архи битгий уугаач” зэрэг шүлгүүд  тус тус шалгарсан байна. Шүлгийн уралдааны шүүгчээр Монголын зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн н. Сарантуяа  оролцож шалгаруулалтыг явуулснаараа онцлог болсон.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл ямар байгаа вэ? Аян эхэлснээр үр дүн хэрхэн мэдрэгдэж байна вэ?

Цагдаагийн байгууллага сар бүр бүртгэгдэж буй гэмт хэргийн тоон мэдээн дээр тулгуурлан судалгаа, дүн шинжилгээ хийдэг. Сүүлийн нэгээс хоёр жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг зөрчил буурч байгаа эерэг үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2020 оны эхний хоёр сард 170 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 45 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн зөрчил үйлдсэн 1236 иргэний материалыг  шүүхэд хүргүүлэн шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлагдсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн дуудлага мэдээлэл 7440 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн 12 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан.

-Таны хэлсэн тоон мэдээллээс харахад гэмт хэргийн тоо буураад зөрчлийн тоо нь өссөн байна.  Үүний учир нь юу вэ?
Цагдаагийн байгууллага аливаа асуудлыг гэмт хэрэг болохоос нь өмнө ялангуяа гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг болж иргэний амь нас, аюулгүй байдалд хүнд хор уршиг учрахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлдэг. Уг ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл болгоныг нэг бүрчлэн шалгаж нэн тэргүүнд очиж, зөрчил үйлдсэн этгээдийн үйлдэл бүр дээр хариуцлага ноогдуулан ажиллаж байгаа нь зөрчлийн тоо хэмжээ өссөн үзүүэлэлтэй гарч байгаа юм. Зөрчил дээр нэн даруй арга хэмжээ авч ажиллаж байгаа учир иргэнд хор уршиг учрахгүйгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл олон шалтгаанаас үүсдэг. Гэвч хүчирхийлэл үүсэх үндсэн суурь шалтгаан юунаас болж байна вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл үүсэж буй шалтгаан нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хүчтэй хүчгүйгийн  ялгаатай байдлаас үүсдэг гэж хэлж болно. Хүчирхийлэлийг нийгэм архидалт, ядуурал, хардалтаас үүсдэг гэж ярьдаг. Гэвч эдгээр нь хүчирхийлэл үйлдэх хүчин зүйлсэд ордог боловч хамгийн том суурь шалтгаан нь ямар гэр бүлийн орчинд өсөж торнисон, суурь хүмүүжил хэрхэн олж авсан, эрэгтэй эмэгтэй хүний хүчтэй, хүчгүй гэсэн ялгаан дээрээс хүчирхийлэл үйлдэгддэг.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгаа, хэрхэн ойлголцох, итгэлцэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй орчныг үүсгэхгүй байхын тулд юун дээр түлхүү анхаарах нь илүү зохистой вэ?

Гэр бүлийн хүчирхийллийг гэр бүлийн маргаанаас ялгаж ойлгох хэрэгтэй. Ямар ч гэр бүлд маргаан үүсдэг. Маргаанд хоёр тал эрх тэгш байр суурьтай байдаг бол хүчирхийлэл нь хэн нэгэн илүү их эрх мэдэлтэй, айлгасан шинжтэй байдаг. Маргаан даамжирсаар эцэстээ хүчирхийлэл үүсгэдэг. Аливаа хүчирхийллээс өөрсдийгөө хамгаалахын тулд хамгийн чухал нь гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцах, ойлголцох явдал. Өөрт таагүй байгаа үйлдлүүдийг нэг нэгэндээ хэлдэг байх хэрэгтэй. Эргэн тойронд ажиглагддаг зүйлүүдийн нэг нь найз нөхдийн буруу зөвлөгөө тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр найзыгаа зөвтгөх нь гуравдагч этгээд болж гэр бүлийн хүчирхийллийг дэврээх тохиолдол гардаг.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь 25-39 насныхан байдаг.

Гэр бүл болгоны тэгш харилцаа, ойлголцол өөр байдаг учраас гуравдагч эдгээдээс буруу зөвлөгөө битгий аваасай.  Ханьдаа итгэж, ханьтайгаа ярилцаж, асуудлаа дор бүрнээ өөрсдийн аргаар ярилцаж шийдэх нь хамгийн зөв харилцаа.

Маргаанд ялагч гэж байдаггүй. Тиймээс ч энэ аяны хувьд энэ чиглэлрүү илүү анхаарсан.  Бид аяныхаа хүрээнд дандаа эерэг мэдээллийг түгээж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Тухайлбал, гэр бүлд гарч буй маргааныг хамгийн зөв зүйтэй зохистой аргаар яаж шийдвэрлэх ёстой талаар харилцаандаа цаг гаргах нь яагаад чухал байдаг. Мөн ярилцахдаа юун дээр яаж анхаарах ёстой талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж, соён гэгээрүүлэх талаас нь шторк, зураг, мэдээ мэдээллийг түгээж ажиллаж байна.

-Хөл хорионд орсон эдгээр өдрүүдэд, гэр бүлдээ цаг гаргах боломж нэмэгдсэн болов уу гэж бодож байна.  

-Бид бүхэн улсын онцгой комиссын шийдвэрийг эерэгээр хүлээж авах хэрэгтэй.  Хөл хорионд орчихлоо залхаж байна гэхээс илүүтэйгээр энэ асуудлыг боломж гэж харах хэрэгтэй.   Халамжит хань, алаг бяцхан үрсдээ илүү их цаг гаргах боломж юм.  Аливаа асуудлыг хамтаар шийдэж, хүүхдүүдийнхээ юуг сонирхож байгааг мэдэх хэрэгтэй.  Энэ нь хамгийн үр дүнтэй цаг гэж нэрийдээд байгаа юм. Хамгийн гол нь бие биенийгээ юу хүсэж байгаа, ямар туслалцаа хэрэгтэй байгаа талаар хамт байж ярилцах нь зүйтэй.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хохирогч зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болоод буйгаа мэдэхгүй тохиолдлууд байдаг. Зарим тохиолдолд түүнийгээ мэдэж байгаа боловч бусдад хэлж чадахгүй үүнийгээ шийдвэрлэж чадахгүй ч тохиолдол гардаг. Тэгвэл яавал гэр бүлийн хүчирхийлэлтэй орчноос зайлсхийж, эрүүл гэр бүлийн орчинг бүрдүүлж чадах вэ?

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч маш их айдас дунд байдаг.

Хүчирхийлэл нь хайртай хүнээс нь үйлдэгддэг учраас хүчирхийлэл гэдгийг мэдээд байдаг мөртлөө гэр бүлийн нэр төрөө бодоод мэдээлдэггүй тохиолдол их гардаг.

Магадгүй хань ижил нь ажилгүй болчихвий эсвэл магадгүй эхнэр болон нөхрийн талаас ирэх дарамтуудаас болж хэлдэггүй. Ийм учраас хохирогч сэтгэл зүйн хувьд гэмтэж эхэлдэг. Энэ нь алсдаа, үр хүүхэд, ирээдүйдээ бүр илүү хор уршиг учруулдаг буюу ирээдүйн хүчирхийлэгчийг бэлддэг гэж ойлгож болно.

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хөндлөнгийн туслалцаа хамгийн чухал. Хүчирхийлэлд өртөж буйгаа мэдэж байгаа тохиолдолд хуулийн байгууллагад хандах нь хамгийн зөв гаргалгаа.

Иргэдээс хамгийн их ирж буй санал нь хүчирхийлэл үйлдэж буй хань ижлээ хуулийн байгууллагад хандаж арга хэмжээ авхуулахаас илүү, засаж авах хэрэгтэй байна гэдэг. Цагдаагийн байгууллагын дэргэдэх 107 тусгай дугаар байдаг. Иргэн та энэ дугаарт хандсанаар сэтгэл зүйч нараас сэтгэлзүйн зөвлөгөө,  хуулийн зүйн зөвлөмж мэдээллийг үнэ  төлбөргүй авах боломжтой . Нөгөөтэйгүүр өөрийн амьдарч буй хорооны хамтарсан багт хандан тусламж үйлчилгээ авах талаар ярилцаад өөртөө нөхцөл байдлын үнэлгээ хийлгэн хүчирхийлэлтэй харилцаанаас бусад төрийн байгууллага болон мэргэжилтнүүдэд хандаж холдох боломжтой юм.

Ярилцсан баярлалаа
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615341
3 эможи
keyboard_arrow_up