СУРВАЛЖИЛГА: БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нийслэлийн хэмжээнд ХАМГИЙН ӨНДӨР АЧААЛАЛТАЙ ажилладаг
Өнгөрсөн Лхагва гаригт БЗД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр манай сурвалжлах баг ажиллаа.
Баянзүрх дүүрэг нь Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай буюу 350 гаруй мянган оршин суугчтай. БЗД дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь тус дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байна.
Өглөө 8 цагаас ээлж хүлээлцэн алба хаагчид ид бужигнаж байхтай зэрэгцэн бид явж орлоо. Үүдэнд хөдөлгөөнт эргүүлийн албаныхан ээлж хүлээлцэн жагсаалдаа гарсан байв.
Баянзүрд дүүргийн дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Ариунжаргал: Иргэд зөрчлийн хажуугаар дуугүй өнгөрөх нь буруу юм гэсэн зөв хандлагтай болж байгаад баяртай байдаг.
Сайн байна уу. Өглөөний мэндээ.
Сайн сайн байна уу. Өглөөний мэнд.
Урьд шөнө танай хэлтэст дуудлага мэдээлэл хэд бүртгэгдсэн бэ?
Урьд шөнийн байдлаар манай хэлтэс 103 дуудлагайтай мэдээлэлтэй хонолоо. Хоногт дунджаар 120-130 дуудлага мэдээлэлтэй байдаг боловч Мягмар гаригт Нарантуул зах амардагтай холбоотойгоор дуудлага мэдээлэл багассан байна. Үүнээс 45 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг материалжуулж мөрдөгч нар шалгахаар үүрэг чиглэлээ авч байна. Эдгээр дуудлага, мэдээллээс 9 нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл байсныг материалжуулан шалгагдаж байна. Нийт шалгасан хэргүүдийг шалгах байцаагч нарт хувиарлан прокурорт шилжүүлж, хуулийн дагуу шүүх хурлууд зохион байгуулагдах болно. Ер нь манай дүүрэг нийслэлийн бусад дүүргүүдээс хамгийн ачаалалтай ажилдаг нь гэж хэлж болно. Дүүргийн хэмжээнд цагдаагийн гурван хэлтэстэй бөгөөд хоногт 100 гаруй хэргийг матераиалжуулж прокурорт хүргүүлдэг. Эдгээр хэргийн дийлэнхийг зөрчил эзэлдэг.
Гэвч дүүргийн хэмжээнд зөрчлийн прокурор хангалттай тоотой биш тул цагдаа, прокурор, шүүхийнхэн буюу хууль хэрэгжүүлэгч байгууллагын алба хаагчид маань өндөр ачаалалтай ажиллаж байна.
Короно вирустай холбоотойгоор цагдаагийн бие бүрэлдэхүүн сүүлийн 2 сарын хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа. Энэ хуцагаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгэж байна вэ?
Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг нь нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах байдаг. Короно вирустай холбоотойгоор Нийслэл болон Дүүргийн Засаг даргыийн захирамжууд хэрэгжиж байгаа. Үүнд баар цэнгээний газар, караоке, дэн буудал, PC тоглоомын газар гэх мэт хүн олноор цугладаг үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоон, олныг хамарсан үйл ажиллгааг зохион байгуулахыг хориглосон. Энэ ажлын хүрээнд иргэд, байгууллагад сэрэмжлүүлэг тараах, уг үйл явдалтай холбоотой гарсан захирамжийн хэрэгжилтийг хангах тодорхой ажлыг дэс дараатай хийж, хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Мөн Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлын албаны Эргүүл хамгаалалтын газраас тодорхой тооны алба хаагч нэмэлтээр ажиллаж байгаа.
Үүнээс гадна гадаад орноос тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг түр тусгаарлаж байгаа 3 байршилд харуул хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоочихоор ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дуудлага мэдээллийн тоо багассан бөгөөд энэ нь хөл хориотой холбоотой байна.
“Ахуйн хүрээний архидалт нэмэгдэнэ гэдэг нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл шууд утгаараа нэмэгдэж байгаа гэж ч ойлгож болно. “
Хэсгийн хэмжээнд жижүүрийн ахлах мөрдөгчид, хорооны хэсгийн байцаагч алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор сүүлийн сар гаруй хугацаанд амралтгүй ажилласаар байна. Өнгөрсөн долоо хоногт жижүүрийн ахлах мөрдөгч, хэсгийн байцаагч нарыг амраах чиглэлээр НЦУГ-аас зохицуулалт хийн гурван албан хаагч ирж ажилласан. Энэ зохицуулалт нь манай алба хаагчдад үзүүлсэн томоохон дэмжлэг байлаа. Мөн 5-р хороон дээр онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор НЦУГ-аас дэмжлэг үзүүлж сарын хугацаатайгаар 3 алба хаагчийг нэмэлтээр ажиллуулж дэмжиж байна.
Тоон мэдээ дурдвал энэ оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 25-ны байдлаар 10,883 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт гэмт хэрэг 502 буюу 4.7 хувиар буурсан. Нийт гэмт хэргийн гаралтаас харахад сүүлийн үед хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнд иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 29 хувиар буурсан. Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэг 184 бүртгэгдсэн бол энэ жил 155 бүртгэгдсэн байна.
/Хоногийн нөхцөл байдлын тайлан илтгэл/
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ХАЙР ӨВТӨГДӨГГҮЙ аян орон даяар өрнөж байна.Танай хэлтэс энэ аяны хүрээнд ямар ажлууд хийж хэрэгжүүлсэн бэ?
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор ЦЕГ-аас зохион байгуулж буй ХАЙР ӨВТӨГДӨГГҮЙ аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдэж байгаа иргэдтэй биечилж, тулж ажиллаж нөлөөллийн арга хэмжээ авч байна. Энэ ажлынхаа хүрээнд 2 буюу түүнээс дээш удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн цагдаад баривчлагдсан иргэдтэй нэг бүрчлэн уулзаж хуулиа танилцуулан, ухуулга,таниулцуулга яриаг ганцаарчилсан байдлаар хийсэн бөгөөд эдгээр иргэдтэй биеэр уулзан ярилцаж байхад зарим иргэд маань үнэхээр буруугаа ухамсарлан, дахиж ийм алдаа хийхгүй ээ даргаа гээд гарч байгаад их баяртай байгаа.
Гэмт хэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа дурдвал?
Гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг аж ахуй нэгж, бар, караокэ ажлуулдаг иргэдэд хуулийн танилцуулга, сарын хугацаатай албан мэдэгдэл өгдөг. Энэ мэдэгдэлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргийн дагуу камерийн бичлэгний чанартаа хяналт тавьж, удаан хугацаанд хадгалдаг болох, согтолт өндөртэй иргэд үйлчлэхгүй байх, харуул хамгаалалтын ажилтны ур чадварт анхаарч сургалт зохион байгуулах зэргийн зөвлөж мэдэгдэл хүргүүлсэн. Энэ ажлыг маань ч манай байгууллагууд нааштай хүлээн авч хамтарч ажиллаж байгаа.
Хэлтэс маань 270 гаруй камертай бөгөөд хариуцсан нутаг дэвсгэрийн эрсдэлтэй цэгүүдийг 24 цагаар хянаж ажилладаг.
Цагдаагийн алба хаагчдад иргэдийн итгэх итгэл хэр байна вэ?
Иргэд цагдаагийн алба хаагчдад их итгэдэг болсон. Иргэд зөвхөн гэмт хэрэг, зөрчил гэхгүй гадуур байгаа хууль бус худалдаа эрхлэлт, зөвшөөрөлгүй газар тамхи татаж байна, сүүлийн үед амны маскгүй явж байна гэх мэт төрөл бүрийн дуудлага өгдөг болсон. Энэ нь цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлагын тоог өсгөж байгаа хэдий ч цагдаагийн байгууллага дуудлага мэдээллийг шалган харъяа байгууллагуудад мэдээлэл дамжуулах ажлаа хийж байна. Үүнд дүүргийн мэргэжлийн хяналт, онцгой байдал, хүнс нийтийн аж ахуйн хэлтэсрүү мэдээллийг шалгаж тодруулан мэдээлэл дамжуулах ажлыг гүйцэтгэж байна. Иргэд зөрчлийн хажуугаар дуугүй өнгөрөх нь буруу юм гэсэн зөв хандлагтай болж байгаад баяртай байдаг.
Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Бадам-Очир:
Нийслэлийн хэмжээнд манай хэлтэс хамгийн их ачааллатай байдаг буюу хоногт доод тал нь 120, дээд тал нь 190 дуудлага мэдээлэл хүлээн авдаг.
Үүнээс гадна манай дүүрэг нь хамгийн их хүн амтай бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ч тэр хэрээр их байдаг. Манай хэлтэс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийн тоог багасгах зорилгоор удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3-аас дээш дуудлага мэдээлэл бүртгэгдэж арга хэмжээ тооцогдсон 160-аад иргэнд хяналтын хувийн хэрэг нээн хэлтсийн 180-аад алба хаагчдад нэг нэг хэрэг хариуцуулан байнгын хяналтандаа байлган, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос нь өмнө таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг таниулах нөлөөллийн ажлыг хийж байна. Үүнээс гадна 2 удаа гэр бүлийн хүчирхийллийн зөрчил гаргасан 540 хүнд хяналт тавин ажиллаж байна. Дүүрэг маань хүн ам ихтэйгээс гадна зах худалдааны төв бараадсан гэр оронгүй иргэд, архины хамааралтай иргэд их байдаг. Он гарсаар хариуцсан нутаг дэвсгэр дээр удаа дараа эрүүлжүүлэгдсэн 100 гаруй иргэдийн судалгааг гаргаж архины албадан эмчилгээнд хамруулахаар ажиллаж байна. Эдгээр ажлыг хийснээр дуудлага мэдээлэл тодорхой хувиар буурч байна.
Манай хэлтэс гэр бүлийн хүчирхийллийг дагнан шалгадаг зөрчлийн гурван байцаагчтай. Бид зөрчил гаргасан хүн болгонд хариуцлага оногдуулах чиглэл дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Оны энхий 3 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд манай хэлтэс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг шүүхэд шилжүүлэн, шийтгэл оногдуулсан тоо хэмжээгээр хамгийн өндөр гарсан.
/Өглөөний 09:30 минутын байдлаар 4 байцаагч маань 4 хэргийг шүүхэд шилжүүлэн өгөхөөд бэлдсэн байв./
Гэр бүлийн хүчирхийлэл нь архидан согтуурахтай их холбоотой байдаг. Хоногт 30 хүн согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүлжүүлэх байранд ирж эрүүлжүүлэгдсэн тохиолдолд тухайн иргэдэд мэдээлэл хүргэх, архины хор хөнөөл, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль тогтоомжийг таниулах, мэдээлэлжүүлэх, нөлөөллийн яриа, видео хичээлийг үзүүлж ажилладаг.
Танай хэлтсийн эрүүлжүүлэх байр урьд шөнө хэр ачаалалтай байв?
Урьд шөнийн хувьд 33 иргэн эрүүлжүүлэгдсэн байна. Өдөрт 30-60 согтуу иргэнд эрүүлжүүлэх байрны үйлчилгээг үзүүлж байна. Эрүүлжүүлэх байрны багтаамж маань 30 хүнд үйлчлэх боловч байнга ачаалал ихтэй ажилладаг.
2019 онд манайхаар эрүүлжүүлэгдсэн хүний тоо нь 11 мянга орчим байсан. Манай дараа НЦГ-ын нэгдсэн эрүүлжүүлэх саатуулах төв нь дөрвөн дүүргийн иргэдийг авдаг бөгөөд өнгөрсөн жил долоон мянга орчим хүнд үйлчилгээ үзүүлсэн байдаг. Энэ тооноос харахад манай дүүргийн ачаалал ямар байдаг нь харагдах байх.
Урьд шөнө эрүүлжүүлэгдсэн иргэдийн бараг 30 гаруй хувь нь байнгийн эрүүлжүүлэх байранд ирдэг иргэд байна. Өмнө мөрдөгдөж байсан Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хуулинд хоёроос дээш удаа эрүүлжүүлэгдсэн иргэнийг шууд 7-30 хоног баривчлан саатуулдаг байсан.
Мөн захиргааны зөрчил дахин гаргасан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалган шийдвэрлэдэг байсан. Харин өнөөдөр мөрдөгдөж байгаа Зөрчлийн хуулинд энэ заалт байхгүйгээс шалтгаалж иргэд торгуулиа л төлчихнө, баривчлагдаад л болоо гэсэн ташаа ойлголттой болсон байна. Архи согтууруулах ундааны байнгын хэрэглээ нь тухайн хүний эрүүл мэндэд асар хөнөөлтэйгээс гадна, тухайн орчинд байгаа гэр бүл, үр хүүхдүүдэд нь сэтгэл зүйн асар том дарамт болдог гэдгийг ойлгож ухамсарлах хэрэгтэй.
/Өчигдөр шөнө нийт 33 иргэн эрүүлжүүлэх байраар үйлчлүүлсэн/
/ Энэ өрөө нь эрүүлжүүлэх байранд нэг камерт байгаа иргэдийн эрх чөлөөнд халдах, зодох гэх мэт догшин авир гаргасан мөн амиа хорлох үйлдэл гаргасан иргэдийг журмынхаа дагуу 30 минутаас ихгүй хугацаанд тусгаарлах өрөө юм. /
Мөн энд бас нэг эмзэглэл төрүүлдэг дүрслэлийг дурдмаар байна. Эрүүлжүүлэх байрнаас нөхрөө авдаг эхнэрүүд их байдаг. Эргүүлийн офицер дуудлагын дагуу очиход гэр орон нь ундуй сундуй, эд зүйлс нь эвдэрч хэмхэрсэн, хохирогч зодуулсан гэх мэт байдалтай байдаг. Гэвч эхнэрүүд өглөө нь нөхрөө авахаар эрүүлжүүлэхийн гадаа зогсож л байдаг. Тэд торгуулийн мөнгөө бариад нөхөрөө л авмаар байна. Одоо хурдан л авахгүй бол хэмээн айдас дүүрэн нүдээр ширтсээр зогсож байдаг. Эдгээр эхнэрүүд мөн дахиад л давхар хүчирхийллийн хохирогч болж байдаг нь хамармсалтай. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь сэтгэлзүйн эмгэгтэй болсон байдаг судалгаа байдаг. Энэ эмгэг нь тухайн хүчирхийллийг хэвийн байх ёстой зүйл мэтээр хүлээн авах сэтгэлгээ.
Иймээс иргэн та хүчирхийлэлд өртөж байгаа бол заавал хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх зөвлөгөө мэдээлэл аваарай. Бид танд хууль зүйн зөвлөгөө, гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн таслан зогсоох талаар зөвлөгөө мэдээлэл өгөхөд үргэлж бэлэн байдаг шүү.
Мөн та хорооны засаг даргааг ахлуулсан хамтарсан багт хандаж болно. Эцэст нь хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхдийн 80 хувь нь том болоод мөн л хүчирхийлэгч болдог. Иймээс гар бүлийн хүчирхийллийн хүлцэн тэвчих нь ирээдүй болсон үр хүүхдийнхээ амьдралт томоос том хар толбо үлдээж байгаа хэрэг юм.
Бид цааш үргэлжлүүлэн БЗД-ын 14-р хорооны цагдаагийн тасаг дээр очлоо. Тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Батхуягтай уулзаж үүрэг гүйцэтгэж байгаа нөхцөл байдалтай танилцсан юм. Биднийг очиход бие бүрэлдхүүн тасгийн даргаасаа үүрэг чиглэл аван ажилдаа гарч таарлаа.
С.БАТХУЯГ: НАРАНТУУЛ ХУДАЛДААНЫ ТӨВ ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ КАМЕРИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЭРЧИМТЭЙ ТЭМЦСЭНЭЭР ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ ЭРС БАГАССАН
Сайн байна уу?
Сайн, та сайн байна уу. Манай бие бүрэлдэхүүн зах онгойхтой зэрэгцэн үүрэг чиглэлээ аваад ажилдаа гарч байна. Тасаг нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй. Манай бие бүрэлдэхүүн БЗД-ын 14, 25, 26-р хорооны нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг.
Танай тасаг их онцлогтой. Улсын хэмжээний худалдааны төвүүд төвлөрсөн зорчин өнгөрөх хөдөлгөөн ихтэй. Та ажлын онцлогоосоо дурдвал?
Хариуцан ажиллаж байгаа 3 хорооны маань онцлог нь улсын хэмжээний бүх томоохон зах, худалдааны төвүүд төвлөрсөн байдаг. Зөвхөн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төвөөр үйлчлүүлж иргэдийн дайран өнгөрөх хөдөлгөөн нь өдөрт л гэхэд 500-600 мянган байдаг. Энэ их хөл хөдөлгөөнийг даган гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр байдаг тасаг гэж хэлж болно. Нарантуул худалдааны төвд л гэхэд 7500 гаруй худалдаа эрхлэгч түрээслэгч байдгаас гадна тэрэгчин, ачигч, худалдагч, үйлчилгээний ажилтанууд нийлсэн 30 гаруй мянган хүн өдөр тутамдаа энд ажиллаж хөдөлмөрлөдөг. Мөн үүнээс гадна өдөрт Нарантуул захаар 100-150 мянган иргэд үйлчлүүлдэг. Баярын үеэр энэ тоо 200-300 мянган иргэн үйлчлүүлдэг улсын хэмжээний худалдааны төв. Энэ утгаараа манай тасаг байнгын өндөр ачаалалтай ажиллаж байна.
Гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?
Зах худалдааны төв ихээр төвлөрсөнтэй холбоотойгоор орон гэргүй, архины хамааралтай иргэд ихээр энэ бүсд төвлөрдөг. Нтарануул захын ойр орчимд байнгын архидан согтуурч тэнэмэл байдлаар амьдардаг 150 гаруй иргэд байдаг. Иймээс эдгээр иргэдийн тоог бууруулах, нийгэмшүүлэх нь манай ажлын бас нэг том ажил юм. Сүүлийн хоёр гурван сарын хугацаанд орон гэргүй тэнэмэл, архины хамааралтай иргэдрүү чиглэсэн ажлыг эрчимтэй хийж байна. Эдгээр иргэд маань гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох нь их байдаг тул иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр нийслэл, дүүргийн холбогдох байгууллагууд, ТББ-уудтай хамран нийгэмшүүлэх, байршуулах ажлыг хийсэн. Мөн архины албадан эмчилгээнд хамруулах, гэмт хэрэгт байнга давтан холбогдож байгаа иргэдийг шүүхээр баривчлуулах зэрэг ажлыг эрчимтэй хийснээр гэмт хэрэг, зөрчлийн тоо тодохой хувиар буурч байна.
“Арав гаруй жилийн өмнө энэ тасагт ирж байхад зах тойрсон архичид ихээр байдаг байсан. Гэвч өнөөдөр тэдгээр иргэд бүгд архины ходлого, эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барцгаасан байна. Архи 10 нас авдаг гэсэн энэ үгний утгыг энэ тасагт ирээд улам их мэдэрсэн. Өнөөдөр манайд саатуулагдаж байгаа архины хамааралтай, гэр оронгүй иргэдийн насыг харвал 30-50 насныхан зонхилдог бол 10 хүний 3 нь эмэгтэйчүүд байна. “
Мөн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор Нарантуул худалдааны төвийн орчимд гэхэд 130-аад камер ажиллаж байна. Мөн Баялаг-Ундраа төв нь өөрийн 80-аад камертай.
Нийтдээ Нарантуул зах орчим 220 орчим камертай тул халаасны хулгайчид Нарантуул захруу орж ирэхээ больсон нь хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулж чадсан.
/Камерийн хяналт/
Танай хариуцсан нутаг дэвсгэрт хэдээс хэдэн цагийн хооронд гэмт хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг вэ?
Ер нь зах худалдааны төвүүд хаасны дараа дуудлага нэмэгддэг. 17 цагаас хойш гэж хэлж болно. Хамгийн ихдээ 60 дуудлага, хамгийн багадаа 25 дуудлага зөвхөн манай 14-р хороонд бүртгэгддэг. Дүүргийн хувьд хамгийн их гэмт хэрэг зөрчил бүртгэгддэг хороо. Эдгээр бүртгэгдэж байгаа гэмт хэрэг зөрчил нь ихэвчлэн согтуугаар үйлдэгддэг.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор танай бие бүрэлдхүүний чиг үүрэг, ачаалал хэр нэмэгдсэн бэ?
Манай хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлын албаны Эргүүл хамгаалалтын газраас тодорхой тооны алба хаагч нэмэлтээр манай тасаг дээр ажиллаж байгаа. Мөн гадаад орноос тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг түр тусгаарлан байрлуулж, халдвартай иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа ХӨСҮТ-ыг байнгыийн өөрсдийн хамгаалалтанд авч ажиллаж байна.
Короно вирустай холбоотойгоор Зах худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд амны хаалт хэрэглэх шаардлагыг тавьж ажиллаж байна. Мөн орон гэргүй иргэд амны хаалт, маск зүүгээгүй бол зах худалдааны төврүү нэвтрүүлэхгүй байх ажлыг хийж байна.
Баярлалаа
Энэ хүрээд сурвалжлага маань өндөрлөлөө. Цагдаагийн бие бүрэлдэхүүн иргэд та бидний аюулгүй байдлын төлөө өндөр ачаалал дор ажиллаж байна. Нийт цагдаагийн бие бүрэлдхүүндээ баярлалаа.