О.Нямдорж: Архи зараагүй өдөр л амгалан хонодог
Хаврын сар гараад уджээ. Зөөлөн салхитай нар ээсэн, дулаахан өдрийн орой бага зэрэг цас хаялж байна. Сонгинохайрхан дүүрэг, тэр дундаа гэр хороолоолол орчмын нэг шөнийн зураглалыг сурвалжлахаар оройн 23:00 цагийн алдад тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү очлоо. Цагдаагийн нэгдүгээр хэлтэс Сонгино хайрхан дүүргийн 18 хороог хариуцаж ажилладаг. Үүний 13 нь гэр хорооллын бүс. Таван шар, Орчлон, Тахилтын иргэдийн амгаланг нэгдүгээр хэлтсийн алба хаагчид манаж хонодог. Улаанчулуутын хогийн цэг орчмоос ч нэгдүгээр хэлтсийн алба хаагчид анхаарлаа салгалгүй ажиглаж амар амгаланг нь хамгаалдаг.
Гэр бүл хүчирхийллийн хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн цагдаагийн ахмад О.Мөнхцэцэг энэ оройн ээлжийн ахлагчаар ажиллаж байна. Биднийг очиход гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хоёр ч хүүхдийг дэргэдээ авчээ. Асран хамгаалагчид нь архидан согтуурч асрах боломжгүй болсон гэнэ.
Тус хэлтэст хоногтоо 100-150 дуудлага мэдээлэл бүртгэгддэг аж. Цагаан сар, шинэ жил гээд баяр амралтын өдрүүдэд энэ тоо 200 хол давдгийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад О.Нямдорж хэлж байна.
Хөл хорио тогтоож, баар, караоке зэрэг газруудын үйл ажиллагааг зогсоогоод байгаа энэ үед гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгддэг гэмт хэрэг эрс буурсан эерэг үзүүлэлттэй байна. Гэсэн ч ахуйн хүрээнд архидан согтуурсан, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл өмнөх сараасаа 30-40 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Тус хэлтэст хоногт бүртгэгддэг дуудлага мэдээллийн 40 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг гэнэ.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээндэх ганц эрүүлжүүлэх байр нэгдүгээр хэлтэст байдаг. Шөнийн 00:00 цагийн алдад эрүүлжүүлэх байранд түм түжгэнэж, бум бужигнаж байна. Тэнд нэг нь ус ууя гэхэд энд нөгөөх нь “шээмээр байна” гэж хашхиралдах нь хүүхдийн цэцэрлэг шиг. Зарим үед адгуус шиг аашилж арслан шиг архирах залуусын арга эвийг олохоор дөрвөн цагдаа борви бохисхийхгүй ажиллаж байна.
Зэвсэгт хүчний баяр тэмдэглэж ахуйн хүрээнд архидан согтуурч ар гэрийнхээ амгалан тайван байдал алдагдуулсан 40 орчим этгээдүүд, эрүүлжүүлэх байранд саатуулагдаад байгаа нь энэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхдүүд ч энд олон иржээ. Хөлчүүрхсэн хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулаад, халдвараас сэргийлж маскаар хангах ч зүүх ухамсартай нь энд алга.
“Ковид 19” халдвар дэлхийн нийтийг айдаст автуулаад байгаа ч эрүүлжүүлэхэд ирсэн хэд огт тоосонгүй, цагдаа нар шаардлага тавихад өөдөөс шүлсээ үсчүүлээд л тайлбар тавих. Камерт орсон хэд бөөр, бөөрөөрөө наалдчихсан адьяалар хучаад хэвтэцгээж байлаа.
Архи уусан хүний дархлаа унадаг, халдварт өвчин тусах магадлал хамгийн өндөр байдаг талаар эрүүлжүүлэхийн эмч учирлаж байна.
Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад О.Нямдоржтой ярилцлаа.
-Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэгт нөхцөл байдал ямар байна вэ?
-Энгийн үед өдөрт 30-40 хүн эрүүлжүүлэгддэг. Баяр ёслолын үед ачаалал нэмэгдэж 70 гаруй хүн эрүүлжүүлэхэд хонох тохиолдол бий.
Хөл хорио тогтоосон өдрүүдэд гэмт хэргийн дуудлага мэдээлэл багассан ч ахуйн хүрээнд архидан согтуурах явдал их гарч байгаа.
Иргэдийн архидан согтуурдаг, баар, цэнгээний газрыг нь хаачихаар өнөө хэд маань гэр гэртээ архидаад эхэлж байна.
-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өссөн үзүүлэлттэй гарсан байна лээ. Үүнийг та яаж харж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 30-40 хувиар өссөн. Хөл хорио тогтоож цэнгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаанд түдгэлзүүлж байгаа юм чинь архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглох байсан. Архи уусан иргэд аюулаас өөрийгөө хамгаалах ямар ч чадамжгүй. Наанадаж л гараа угаагаад маск зүүгээд явах ухамсаргүй байгаа юм. Мөн архи уухад дархлаа унадаг. Архи уугаад яваа хүмүүс халдварт өвчин тээгч байх өндөр магадлалтай. Энэ бүхнийг харгалзаж аж ахуйн нэгжүүдийг архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон нь илүү цагаа олсон шийдвэр байх байсан болов уу.
Одоогоос 10 орчим жилийн өмнө “Азийн чоно”-ын архинд иргэд хордсон хэрэг гарч байсан. Үүнтэй холбоотойгоор архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглож байлаа. Архи зараагүй нэг сарын хугацаанд хэрэг зөрчил бараг гараагүй. Хот амгалан байсан шүү. Сар бүрийн 1-ний өдөр архи худалддаггүй. Энэ үед өдөрт 5-10 хүн эрүүлжүүлэгддэг. Хэрэг зөрчлийн дуудлага ч цөөн байдаг. Архигүй л бол амгалан байдаг.
-Баяр ёслолын бус үед иргэдийн архидан согтуурч байгаа нь төрийн халамжтай холбоотой байж болох уу?
-Нэг талаараа тийм. Сая тэтгэврийн зээлийг тэглэсэн шийдвэр гарсан. Энэ үед архидалт хавтгайрсан шүү. Төрөөс өгч байгаа хангамжийг архинд зарцуулах тохиолдол их. Хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулж олоогүй мөнгөөрөө архи л авчих гээд байдаг айлууд олон бий. Ингээд ахуйн хүрээнд хүүхдийнхээ дэргэд архидана. Энэ өөрөө хууль бус шүү дээ. Хүүхдийн хажууд архидан согтуурвал 300 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт ч бий” гэв.
СХД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст Турк улсаас “Тахилтад байрлах хувийн хувийн сууцанд хүмүүс архидаад байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын авсан даруйдаа маяк гялалзуулсан алаг машинтай алба хаагчид гэр хорооллын бартаатай замыг хоромхон хугацаанд л туулж очход гурван ч этгээд бусдын эзэмшлийн сууцанд нэвтэрч архидан согтуурч байх нь тэр. Тус газрын эзэн амины орон сууцаа хамгаалуулахаар хашаандаа айл буулгасан ч өнөө хэд нь нэг их хайхардаггүй бололтой. “Энд архидаж л байдаг ш дээ” гэх тайлбар хэнэг ч үгүй хэлж байлаа.
Амины орон сууцнаасаа анхаарлаа хором ч холдуулж болхогүйн тод жишээ энд анзаарагдсан.
Хэн нэгнээр хамгаалуулсан гээд тайван орхих нь таны байшинд хэн нэгэн нэвтэрч тонох аюул хажууханд байдаг ажээ.
Бусдын байранд архины нэтэрч архидсан иргэдийг эрүүлжүүлэх байранд хүргэв.
Үүний дараахан “Хадам аав, согтуу сэлэм эргүүлээд байна” гэх дуудлага ирэх нь. Дуудлага өгсөн хаягаар очсон ч “Дуудлагаа цуцалъя” гэх тэр. Энэ мэт хуурамч дуудлага өгсөн иргэдэд хуулийн дагуу торгуулийн ара хэмжээ авдаг ажээ.
Энэ шөнө бүртгэгдсэн дуудлага мэдээллийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэлтэй дуудлага мэдээлэл байв.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжээд буй энэ үед Улсын онцгой комиссоос баар, караокед архиддаг байсан иргэдийг гэр лүү хөөсөн шийдвэр гаргасан болох нь эндээс илэрхий харагдаж байв.
Бүр хаяандаа байгаа дэлгүүрээсээ аваад л гэртээ ая тухтай архидах орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгч.
Сүүлийн үед гэр бүр хүчирхийлэл, тэр дундаа хүүхэд хүчирхийллийн жигшүүрт хэргүүд ар араасаа сонсогдож байгаагийн тодорхой хувь нь ахуйн хүрээний архидалттай ч холбоотой байж болох. Хүүхдийн дэргэд архидан согтуурах өөрөө хууль бус үйлдэл юм байна.
Нүд нь улаараа эргэлдэж арслан, барс шиг аашлах залуусын цуваа шөнийн 02:00 алдад ч эрүүлжүүлэх байранд тасрахгүй л байв.
Тэд бүгд л гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.
Эх сурвалж: Өдрийн сонин