Б.ӨСӨХБАЯР: Бид хамгийн үнэт эрдэнээ үнэгүйдүүлж орхисон байна

2020 оны 3 сарын 24

Arslan.mn

Өчигдөр Дэлхийн усны өдөр тохиосон юм. Энэ өдрийг тохиолдуулан дэлхий дахинд болон манай улсад усны асуудал ямар байгаа талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа.

-2020 оны Дэлхийн усны өдрийг “Ус ба Уур амьсгал” сэдвийн дор тэмдэглэлээ. Энэ жил усыг уур амьсгалтай холбож энэ чиглэлд иргэдийн анхаарлыг хандуулах болсон шалтгаан нь юу бол?

-Юуны өмнө уур амьсгалын өөрчлөлт гэж юуг хэлэх талаар яриагаа эхлүүлье. “Уур амьсгалын өөрчлөлт” гэж тодорхой нэг газар нутагт олон жилийн туршид тогтож ирсэн цаг уурын горимд гарсан аливаа өөрчлөлтийг хэлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооны 2007 оны тайланд 1906-2005 оны хоорондох 100 жилд дэлхийн уур амьсгал тасралтгүй дулаарч, энэ хугацаанд агаар цельсийн 0.74 хэмээр нэмэгдсэн талаар дурдсан байна. Энэ зууны сүүлч гэхэд агаарын хэм 1.1-6.4 хүртэл хэмээр нэмэгдэхийг мөн тооцоолжээ. Дэлхийн уур амьсгал дулаарч байгаа нь хүн төрөлхтний хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Ус бол уур амьсгалын бүтээгдэхүүн байхын зэрэгцээ дэлхий бөмбөрцгийн 70 хувийг бүрхсэн ус, далай, тэнгис дэлхийн уур амьсгалыг тодорхойлно гэж үзэх нь ч бий. Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалд ихээхэн өөрчлөлт гарсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Эрдэмтэн судлаачид уур амьсгалын энэхүү өөрчлөлтийн уг үндэс нь байгаль дахь усны эргэлтийн өөрчлөлт доголдол гэж үздэг. Энэ жилийн "Ус ба Уур амьсгалын өөрчлөлт" сэдэв нь уур амьсгалын өөрчлөлтийн дор дэлхий нийтээрээ усны аюулгүй байдал, усны тогтвортой хүртээмж, хангамж, бүрдүүлэхийн чухлыг онцолж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс болж, Дэлхийн олон бүс нутаг, улс орон, голын сав газарт усны асуудал хүндхэн байна. Тиймээс яаралтай хариу арга хэмжээ авах, оновчтой, үр дүнтэй шийдлүүдийг хүлээж байна. Далай, тэнгисийн түвшин 2100 он гэхэд 1980-1990 оны түвшинтэй харьцуулбал 18-59 см нэмэгдэх хандлагатай байгаа. Дэлхийн цэнгэг усны нөөцийн 50 гаруй хувь өндөр уулын бүсийн хайлсан цас мөсний урсацаас бүрддэг. Өнгөрсөн арван жилд Гимлайн нурууны мөстөл 60 шахам хувиар багасч, Андын нурууны мөстөл бараг алга болсон мэдээлэл бий. Монгол Улсын хувьд гадаргын урсац 1998 оноос аажмаар нэмэгдсээр 1993 онд оргил хэмжээндээ хүрч, жилийн нийлбэр урсац 78.4 км3 болсон байдаг. Харин 1990-ээд оны дунд үеэс эхэлсэн бага устай үе олон жилийн турш үргэлжилж, 2002 онд нийлбэр урсац 16.7км3 болж багассан болно. Нууруудын нийт усан гадаргын талбай 1940-өөд оны үетэй харьцуулбал 7.8 хувь буюу 1200 км2 –ээр багасч, 2015 оны байдлаар том, жижиг 832 нуур хатаж ширгэсэн байна.

-Манай улсад дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Монгол оронд ч дэлхийн бусад улсын нэгэн адил уур амьсгалын өөрчлөлт нөлөөлсөөр байна. Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд манай орны агаарын жилийн дундаж температур 2.1 градусаар дулаарсныг Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд тэмдэглэжээ.Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 10 жилд гамшигт үзэгдлийн давтамж 1.5 дахин нэмэгдсэн ба сүүлийн 12 жилд ус цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас 424 хүний амь нас эрсдэж, 24.5 сая мал хорогдож, олон тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны эрсдэлийн индекс гэсэн үзүүлэлтээр дэлхийн хамгийн өндөр эрсдэлтэй 10 орны наймдугаарт орсон. Энд бас нэгэн судалгааны дүнгээс хэлье. НАСА агентлагийн сүүлийн 10 жилийн турш хиймэл дагуулаас хийсэн судалгаагаар далайн усны түвшин дөрвөн сантиметрээр нэмэгдсэнийг мэдээлсэн. "Climate Central" судалгааны байгууллагын тооцоолсноор дэлхийн дулаарлын эсрэг тууштай арга хэмжээ авахгүй энэ хэвээр байсаар байвал энэ зууны эцэст дэлхийн дулаарлын өсөлт дөрвөн хэмд хүрснээр далайн түвшин 8.9 метрээр нэмэгдэж, нийт 627 сая хүн усанд автах аюултай гэсэн. Харин дулаарлыг хоёр хэмд хязгаарлавал усанд автаж болзошгүй хүний тоо 280 сая болж буурах талаар танилцуулсан. Эдгээр судалгааны дүнгээс хүн төрөлхтний өмнө ус болон уур амьсгалын өөрчлөлтийн талаарх асуудал ямар чухал болохыг харж болох юм.

-Манай улс усны талаар ямар бодлого баримталж байна. Тулгамдаж байгаа асуудлын талаар?

-Монгол Улсын усны талаар баримталж буй бодлого нь байгалийн зүй тогтолцоонд үндэслэн усны нөөцийг сав газраар нь хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд оршиж байна. Манай орны усны хэрэглээ, ашиглалт жилдээ 500 сая.м3 орчим байна. Цаашид хүн ам, эдийн засгийн өсөлтөөс хамаарч энэ хэрэглээ улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 л байдаг бол манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногийн усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй хоёр дахин их буюу 230-280 литр байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага буюу 6-8 литр ус хэрэглэж байна. Тиймээс усны зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлж, дусал усны үнэ цэнийг ч ойлгож, хайрлаж хамгаалахад иргэн бүр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Манай улсын усны хэрэглээний төлбөр дэлхийн бусад улстай харьцуулахад маш хямдхан байдаг. Тийм ч учраас иргэд усны үнэ цэнийг ойлгохгүй, ариг гамгүй хэрэглэж байж болох. Тиймээс цаашид усны төлбөрийг нэмэх нь зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх байх. Мөн Улаанбаатар хотын гэр хороололд 310 гаруй мянган нүхэн жорлон, 140 гаруй мянган угаадасны нүх ашиглаж байгаагаас үүдэн хөрс, ус их хэмжээгээр бохирдож байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд УИХ-д өргөн барьсан боловч одоо болтол энэ хууль батлагдаагүй байна. Учир нь аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдэд эдийн засаг, санхүүгийн дарамт үүсгэхээс болгоомжилсноос үүдэлтэй. Монголчууд эртнээс ус чандмань эрдэнэ хэмээн хүндэтгэж ирсэн боловч одоогийн үнэлгээгээр хамгийн үнэ цэнгүй зүйл ус болоод байна. Өөрөөр хэлбэл бид хамгийн үнэт эрдэнээ үнэгүйдүүлж орхисон байна.

-Хот, суурин газруудын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдсон, уул уурхай, арьс шир, ноос, ноолуурын үйлдвэрүүдийн цэвэршүүлээгүй хаягдал усны нөлөөгөөр усны нөөц бохирдож, хомсдох эрсдэлтэй байна. Манай улсад бохир усаа цэвэршүүлдэг технологийг хэр их ашиглаж байна?

-Улсын хэмжээнд ахуйн бохир ус цэвэршүүлдэг 86, үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлдэг 29 нийт 117 цэвэрлэх байгууламжтай. Үүнээс 21 аймгийн 62 сумын төвийн цэвэрлэх байгууламж биологийн цэвэрлэгээ хийж байна. Нийслэл Улаанбаатар хотын таван дүүрэгт есөн цэвэрлэх байгууламж ажилладаг. Нийт цэвэрлэх байгууламжуудаас арав нь цэвэршүүлэн гарч буй бохир усыг голд шууд хаяж, 61 нь хөрсөнд шингээн зайлуулж байгаа нь манай усны эко системд сөргөөр нөлөөлж байна. Улсын хэмжээнд хоногт 400 мян.м3 бохир усыг цэвэршүүлэн байгальд нийлүүлж байгаа ч 136 мян.м3/хон бохир усыг механик болон биологийн цэвэрлэгээ хийхгүйгээр байгальд шууд нийлүүлж байна. Нийслэлд арьс шир, ноос, ноолуур боловсруулах 44 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас хоёр үйлдвэр хаягдал усаа цэвэршүүлж эргүүлэн ашигладаг. Харин Эрдэнэт, Оюу толгой, Тавантолгой зэрэг томоохон уул уурхайн үйлдвэрүүд ашигласан усныхаа 70-80 хувийг эргүүлэн ашигладаг технологитой.

-Манай улсад Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 1578 бүртгэгдэж, илрүүлэлт 65.3 хувьтай байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 1370 иргэн, 47 аж ахуйн нэгж, байгууллагад 24.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15.9 тэрбум төгрөгийг буюу 65.3 хувийг нөхөн төлүүлж, 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг сүүлийн таван жил бүртгэгдсэн зүйлээр нь авч үзвэл, Байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг 13, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 439, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг 56, Хууль бусаар ан агнах гэмт хэрэг 202, Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 708, Ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг 50, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 115, Байгалийн тэнцэл алдагдуулах долоон гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна. Энэ тоон мэдээ бол байгаль орчинд учирсан хохирлын багахан хэсэг бөгөөд бодит хохирлын хэмжээг тооцож, байгаль орчны үнэ цэнийг илэрхийлэх боломжгүй юм.

-Хууль бусаар алт олборлогчид гол мөрний ай сав, ойн сан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах болсон. Тэдэнд ямар хариуцлага хүлээлгэж байна?
-Бүртгэгдсэн 1578 гэмт хэргийн 44 буюу 2.8 хувийг гол, усны ай сав газарт, 520 буюу 32.9 хувь нь ойн сан бүхий газарт, 1014 буюу 64.3 хувь нь бусад газарт тус тус бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн 1578 гэмт хэргээс 708 буюу 44.9 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 439 буюу 27.8 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 431 буюу 27.3 хувийг бусад төрлийн гэмт хэрэг тус тус эзэлж байна. Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт үйлдлийг 2017 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл даган мөрдөж байсан Эрүүгийн хуульд хохирлын хэмжээнээс харгалзан эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан бол одоо хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд хохирлын хэмжээ шаардахгүй байхаар зохицуулсан нь энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлсөн. Мөн хууль бусаар мод бэлтгэх нь ойн тэнцвэрт байдлыг алдагдуулахаас гадна гүний усны нөөцөд сөргөөр нөлөөлдөг.

-Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно хэмээн хуульчилсан. Гэтэл хамгаалалтын бүсэд машин угаах, бохирдлоо асгах, барилгын үйл ажиллагаа явуулах гэх мэт олон хориотой үйлдлийг иргэд гаргасаар байгааг Туул голын жишээнээс харж болохоор байгаа шүү дээ?

-Тийм л дээ. Гэхдээ жилээс жилд иргэдийн байгальтай харилцах хандлага нь эергээр өөрчлөгдөж байна. Иргэд бие биедээ байгаль эх дэлхийд хог хаяхгүй байх талаар шаардлага тавьдаг болсон байна. Амарч зугаалсан газраасаа хогоо ачаад ирдэг болсон байна. Таны хэлсэнчлэн зөрчил гаргасан иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож арга хэмжээ авдаг. Гэхдээ бид хуулиар далайлгахаас илүү иргэдийн хандлагыг өөрчлөхөд анхаарч ажиллаж байна. Нийслэл хотын ундны усыг Туул гол дагуу байрлах 174 гүний худгаас татаж авдаг. Гэтэл Туул голоос ойролцоогоор жилд 100 тн хог хаягдал гардаг. Бохирдуулагч хүчин зүйлүүдэд хамгийн түрүүнд арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд, төв цэвэрлэх байгууламжаас гарч буй дутуу цэвэрлэгдсэн ус хаврын цагт бол гуу жалга, эргийн дагуу хаягдсан ахуйн хог хаягдал багтаж байна. Тус голын сав газрын хэмжээгээр 10 овгийн 16 зүйл загас, хоёр зүйлийн хоёр нутагтан, долоон баг, 18 аймгийн 60 шахам зүйл хөхтөн, 171 зүйл шувуу бүртгэгдсэнээс таван зүйл загас, 11 зүйл хөхтөн ховордож болзошгүй 12 зүйл шувуу, нэг зүйл хөхтөн ховор, нэг зүйл шувуу, нэг зүйл хөхтөн нэн ховор ангилалд багтаж байна. Тиймээс цаашид гол мөрнөө хайрлан хамгаалах, чандмань эрдэнэ болсон усаа ариг гамтай хэрэглэх шаардлага өдрөөс өдөрт бий болсоор байна. Тиймээс Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газар Экологийн цагдаагийн алба “ВитаФит групп” ХХК-тай хамтран өчигдөр Хан-Уул дүүргийн XI хороо дөрөвдүгээр хэсэг уулын зам дагуу нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг нийтийн эзэмшлийн талбайд тохижилтын ажил хийлээ. Үүнд 2м 40см өндөртэй бүтээлч санаачилга бүхий хогийн цэгийг байршуулж, жижиг гарц бүхий шат, амралтын саравчнуудыг сэргээн засварлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Ardchilaltime.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615213
0 эможи
keyboard_arrow_up