ХУРД-ҮХЭЛ
Намайг Ц гэдэг би 20 настай их сургуулийн оюутан. Бяцхан үр мнь одоо дөрвөн сартай. Аз жаргал болон ирсэн хөөрхөн хүү минь аавынхаа үр удам, залгамж халаа юм. Би ханьтайгаа 3 жилийн өмнө танилцсан. Хөрслөг бор, өндөр махлаг, гүндүүгүй тэр хөвгүүн Орхон аймгаас Улаанбаатар хотод манай ангид шилжиж ирээд миний хажууд сууж байлаа.
Бусдыг хүндлэн хайрладаг нь харваас илт түүндээ би өдөр, хоног ирэх тусам дурласаар л байсан юм. Тэр минь хичээлдээ муу байсаан гэхдээ би түүнд мэддэгээ хэлж, чаддагаа заадаг байлаа.
Хичээл дээрээ хамт байж, гэрийн даалгавараа хамтдаа хийж, номын санд ном уншиж, өдрийн хоолоо хамт идэж, өнгөрсөн гурван жилийг түүнтэйгээ дэндүү аз жаргалтай өнгөрүүлсэн. Бид хоёрын хувьд бүх өдөр валентин байв.
Би яг одоо улйж байна. Тэр минь миний дэргэд байхгүй. Яагаад байхгүй вэ гэж үү? Миний хайртай хань хүү бид хоёрыгоо хуураагүй, бусад шиг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зовоогоогүй, хууль буө зүйл хийгээгүй. Гэсэн хэдий ч тэр минь байхгүй. Байхгүй байхгүйдээ бүр хэзээ ч эргэж ирэхгүй.
Зуны аагим халуун өдөр хүү, бид гурав ойд модны сүүдэрт эрхлэлдэн хэвтээд, хүйтэн үзэмний шүүс, амтат хоолоо тухлан идээд, хүүгээ унтах зуур ханьтайгаа ирээдүйн талаар ярилцаад аз жаргалтай дурсамжит мөчүүдээ нэгээр нэмж байлаа.
Нөхөр: “Хайраа гурвуулаа хэд хоногоос аймаг явчихаад ирэх үү? аав, ээжийгээ үе үе санах юм, тэгэнгээ хүүгээ хэр том болсныг харуулъя л даа” гэх хүсэлтийг нь зөвшөөрөөд бид гурав арав хоногийн дараа аймагруу хүлгийн жолоо залахаар төлөвлөсөн юм.
Гэвч нөхөр маань дөрөв хоногийн дараа “Ажлаар Дархан-Уул аймаг орох тул замаараа ээж, аав дээр оччихоод ирье, та хоёр минь сайн сууж байгаарай, наддаа битгий гомдоорой” гээд явсан юм. Би дотроо гомдсон ч гаднаа зүгээрээ гэж хэлээд явуулсан.
Маргааш өдөр нь “Та хоёр минь юу хийж байна. Ажил бүтэмжтэй, аав, ээж дээр ирчихээд одоо гарлаа, удахгүй та хоёр дээрээ очноо” гээд хайртайгаа хэлээд утсаа тасдсан юм.
Хэдэн цагийн дараа хүүгээ унтуулаад, өөрөө зүүрмэглэх зуур утас минь дуугарлаа. Нойрмог, сөөнгөтсөн хоолойгоор авсан тэр дуудлага миний амьдралдаа авч байсан хамгийн муухай дуудлага байлаа. Бүдүүн биш ч баргил хоолойгоор “Та сэтгэлээ барина уу. Нөхөр тань авто машины осолд орсон байна. Амь эрсдээгүй ч биеийн байдал тун муу, та яаралтай Гэмтэл согог, судлалын үндэсний төвд ирнэ үү” гэв. Би хүүгээ яаж авч гарсан, эмнэлэг дээр хэрхэн очсоноо одоо ч санахгүй байна. Нэг л мэдэхэд сэхээн амьдруулах тасгийн хаалган дээр хүүгээ тэвэрчихсэн зогсож байсан. Миний хань яг тэр мөчид сүүлийн удаа бид хоёрыгоо харсан.
Уйлаад байхад ирэхгүй, санаад байхад тэврэхгүй, ганцаардаад байхад хажууд байхгүй, гомдоод байхад аргадахгүй ийм өдрүүд ар араасаа хөвөрсөөр л байна.
Би нөхөртөө биш хурд хэтрүүлсэн тэр жолоочид, гэрлээ шилжүүлээгүй тэр эмэгтэйд насан туршдаа гомдох болно. Уудам алаг дэлхийд хүний амьдрал ямар хурдан урсан өнгөрдөг юм бэ?
Тиймээ энэ бол амьдралыг дөнгөж эхлүүлэх гэж байгаа хорьхон настай иргэн Ц-д тохиолдсон харамсалтай явдал. 2019 онд авто замын ослоор 561 хүн нас барсанаас 430 нь орон нутгийн замд амь насаа алдсан харамсалтай боловч бодит, үнэн тоо баримт цагдаагийн байгууллагад бий.
Бусдын аз жаргалтай амьдрал, үнэтэй хором мөч бүрийг өөрийнх шигээ хайрлаж замын хөдөлгөөнд дүрмээрээ, соёлтой оролцох нь жолооч хүн бүрийн үүрэг.
Та яагаад хурдаа хэтрүүлдэг вэ?
Эх сурвалж: POLICE.GOV.MN
|