Австрали болон Шинэ Зеландад оршин суугаа МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 565 (+111) тохиолдол бүртгэгдсэн (хэвлэлээр 637 хүрсэн мэдээ байна). Үүнээс 6 (+1) хүн нас барж, 46 (+3) хүн бүрэн эдгэрсэн бөгөөд бусад өвчтөний биеийн байдал тогтвортой байна.

Мужуудаар нь авч үзвэл Шинэ Өмнөд Уэльс 265 (+55), Күинсланд 94 (+16), Викториа 121 (+27), Өмнөд Австрали 37 (+5), Баруун Австрали 35 (+4), Тасмани 10 (+3), Австралийн нийслэлийн бүс нутагт 3 (+1) тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Шинэ Өмнөд Уэльс мужид халдварын дэгдэлт хамгийн ихээр нэмэгдэж буй бөгөөд 20-50 насны хүмүүс хамгийн өртөмтгий байгаа аж.

Үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан Австралийн нийслэлийн бүс нутгийн захиргаа, Баруун Австрали, Тасмани мужуудад тус тус тодорхойгүй хугацаагаар, Викториа мужид 4 долоо хоногийн хугацаатайгаар онц байдал зарласан. Тасмани муж (арал) маргаашнаас тус мужийн байнгын оршин суугчдаас бусад хүнийг 2 долоо хоногийн хугацаанд хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав.

Ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр 15.45 цагт олон нийтэд хийсэн мэдэгдэлдээ Австралийн иргэд болон байнгын оршин суугчдаас бусад хүнийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав. Уг хориг нь маргааш буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны 21.00 цагаас үйлчилж эхэлнэ. Тэрээр мөн гадаадад буй Австраличуудыг эх нутагтаа аль болох хурдан ирэхийг уриалав.

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан Австралийн үндэсний тээвэрлэгч Куантас компани олон улсын бүх нислэгээ түр хугацаагаар зогсоож, дотоодын нислэгээ 60 хувиар танаж, 20,000 гаруй ажилчдаа 5 дугаар сарын эцэс хүртэл түр чөлөөлөөд байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар COVID-19-ийн халдвар Австралид энэ эрчээрээ нэмэгдэх ахул 4 дүгээр сарын эхээр гэхэд тохиолдлын тоо 6,000 давах аж.

Шинэ Зеландын Гадаад хэрэг, худалдааны яамнаас тус улсад суугаа болон хавсран суугаа ДТГ-дад зориулан 2020 оны 3 дугаар сарын 19-ний 9.00 цаг (Канберрагийн цагаар)-аас цахим хурал зохион байгуулж, дараах мэдээллийг өгөв. Үүнд:

- Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны албан мэдээгээр 2020 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 20 тохиолдол бүртгэгдсэн. Нас барсан тохиолдол гараагүй. Халдвар авсан иргэдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна;

- COVID-19-ийн шуурхай албаны утас 0800 358 5653 бөгөөд өдөр бүр ачаалал өндөртэй ажиллаж байна;

- Шинэ Зеландын Засгийн газраас гаргасан шийдвэрээр 2020 оны 3 дугаар сарын 16-ны шөнийн 1 цагаас хойш Шинэ Зеланд Улсад нэвтэрсэн бол 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж, ажиглалт хийнэ;

- Өөрийгөө хэрхэн тусгаарлах талаарх мэдээллийг Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд байршуулсан. (https://www.health.govt.nz/…/covid-…/covid-19-self-isolation);

- Түр визтэй гадаадын иргэд 14 хоног өөрсдийгөө тусгаарлах шийдвэрийг дагаж мөрдөхгүй, биелүүлэхээс татгалзсан тохиолдолд тус улсаас албадан гаргах арга хэмжээ авна. Албадан гаргуулсан иргэд цаашид ч Шинэ Зеландад нэвтрэх боломжгүй болно. Албадан гаргах хугацаа нь мэдэгдэл өгснөөс хойш 28 өдөр бөгөөд энэ нь тухайн иргэнд давж заалдах боломжийг олгох аж. Ингэхдээ тухайн иргэнийг 28 хүртэл өдөр засан хүмүүжүүлэх газарт түр саатуулах эрх нээгдэнэ.

Шинээр нэмэгдсэн тохиолдлууд Франц, Их Британи, АНУ зэрэг улсаас ирсэн хүмүүсээс илэрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615043
2 эможи
keyboard_arrow_up