Б.Ууганбаяр: Каргонд байгаа ачаанаасаа авъя гэж дарга, цэргээр дамжуулж хэлэхээ боль
Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УОК-ын шуурхайн штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1734 хүн 21 цэгт тусгаарлагдсан байна. Монгол иргэд агаарын болон авто замаар Монгол улс руу нэвтэрч байгаа. Сошиал орчинд өрөөсгөл мэдээлэл тараах асуудал байна. Худал мэдээлэл тараасан бол арга хэмжээ авах хууль дүрэмтэй шүү. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.
Зорчигчдын ачааг 14 хоногийн хугацаанд каргод байрлуулж байгаа. Каргод байгаа ачаанаасаа авъя гэж дарга, цэргээр дамжуулж хэлээд байна. Ах, дүү, хамаатан садан, танил талаараа яриулж ажил хийхэд садаа хийхээ боль. Тусгаарлалтад байгаа хүмүүст хангамж өгөх асуудал байна. Доод түвшний удирдлагуудад асуудал байна. Бүх зүйл сайн биш байгааг нуухгүй. Тусгаарлалтад байгаа иргэдэд нэг удаа эргэлтэд оруулна. Оруулах бүтээгдэхүүний жагсаалтыг шуурхай бүлэг гаргасан. Ингэлээ гээд хүн амьтан оруулахгүй. Эргэлтийг торонд хийж, нэрийг нь бичээд оруулна. Өнөөдөр бүх газраар шуурхай штабынхан очиж ажилтай нь танилцана. Хүн болгон дэглэмээ хатуу чанга барьж байж, хүндрэлийг даван туулна гэдгийг анхааруулъя” гэв.
Өнөөдрөөс ОХУ-аас хүнс, бараа тээвэрлэсэн 23 тээврийн хэрэгсэл Улаанбаатарт ирэх юм байна. Үүнд 15 гадаад, найман монгол жолооч тээвэр хийж байгаа аж.
Монгол жолооч нарыг тусгаарлалтад хамруулах бол гадаад жолооч нарыг байнгын хяналтад байлгаж, гадагш гаргахгүй аж.
Улмаар хилээр нэвтрэх үеэр хүнсний бараа бүтээгдэхүүнийг ариутгаж, халдваргүйжүүлэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.