Ө.Лхагвабаяр: Судалгааг зөвхөн АН-аас бус бусад бүх нам, эвсэлд хүргүүлэн авч байгаа
АН-ын дарга С.Эрдэнэ энэ сарын 17-нд мэдээлэл хийхдээ "Цагдаагийн байгууллага улстөржиж, нам эвсэлд ажиллаж байгаа" тухай мэдээлэл. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Ө.Лхагвабаяраас тодрууллаа.
-АН-ын дарга С.Эрдэнэ “Цагдаагийн байгууллага улс төржиж, нам, эвсэлд ажиллаж байна. Орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчид зөвхөн манай намын судалгааг авч байна” гэсэн мэдээлэл хийсэн. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
-Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах зарчмыг баримтлан ажилладаг бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хариуцсан нутаг дэвсгэрийн эрүү, хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ, судалгаа хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа чиглэл, зорилгыг тодорхойлдог.
Нөхцөл байдлын судалгаа, шинжилгээ хийснээр гэмт хэрэг, зөрчлийн бодит байдал, гэмт хэрэг, зөрчлийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл, хор уршгийг тогтоохын зэрэгцээ ялангуяа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байдаг гэж ойлгож болно.
Мөн судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд өдөр тутмын үйл ажиллагааны шуурхай, үр дүнтэй байдлыг хангахад нэн шаардлагатай обьектын болон субьектийн биечилсэн судалгааг холбогдох хууль, журмын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн дэмжлэг туслалцаанд тулгуурлан хийдэг.
Энэхүү судалгаа нь орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс өөр өөр найруулгатай бичигдсэн хэдий ч ээлжит сонгуулийн үед нийтийн хэв журам хамгаалах, сонгуулийн үүр болон сонгогч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс л хийгдэж байгаа судалгаа гэдгийг иргэд Та бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ судалгааг дан ганц Ардчилсан намаас бус бусад бүх нам, эвсэлд хүргүүлэн авч байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас биечилсэн судалгааг Цагдаагийн албаны тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу авч, үйл ажиллагаандаа ашигладаг. Тухайлбал,
Цагдаагийн албаны тухай хуулийн 64 дүгээр зүйлд “Иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах”, мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд “Гэмт хэрэг, зөрчлийн талаар судалгаа” хийх талаар тус тус хуульчилж өгсөн.
-Цагдаагийн байгууллагаас хийж буй энэ удаагийн судалгааг ч дээрх хууль, журмуудад заасанчлан анх удаа бус шинэчлэн баяжилт хийж байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын нийслэлд хэсгийн байцаагч, орон нутагт хэсгийн төлөөлөгч бүр энэ судалгааг хуульд заасан хугацаанд авч, шинэчлэн баяжилт хийдэг. Энэ нь иргэд Та бүхэнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРУ
|