Тусгай үүргийн дөрөв дэх онгоцоор Истанбулаас 252 иргэн эх орондоо ирлээ
Монгол Улсын Засгийн шийдвэрийн дагуу гадаад улсаас хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээд татан авах дөрөв дэх удаагийн нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01:00 цагт газараджээ.
Уг онгоцоор 252 иргэн эх орондоо ирсэн байна.
Иргэдийг ирсэн даруйд 14 хоног тусгаарлахаар ЗТХЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ-ын алба хаагчид ажиллаж байна. Мөн зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх юм.
Түүнчлэн тусгай нислэгийн бүрэлдэхүүнд багтсан мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, халдварын хоёр ахлах байцаагч, ХӨСҮТ-ийн нэг эмч, дөрвөн нисгэгч, хоёр инженер, техникийн ажилтан болон есөн үйлчлэгчийг мөн хугацаанд тусгаарлах юм.
Тус нислэгээр ирсэн зорчигчдын биеийн байдлыг хянаж, тандах явц 04:23 цагт үргэлжилж байсан тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар фэйсбүүк хуудаснаа бичжээ.
Тус нислэгээр Монгол Улсад маск үйлдвэрлэх түүхий эд материал болон эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тээвэрлэж ирснийг МИАТ компани мэдээлсэн юм. Дээрх 252 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт оруулсан бөгөөд халуурсан хүн байгаагүй гэдгийг мөн онцлов.