Зэвсэгт хүчинд зүтгэсэн ОН ЖИЛҮҮД
“Монгол Улсад зэвсэгт хүчин хэмээх тос даасан, эгэл даруухан айл байдаг. Энэ айлын босгоор алхаж орсон хүн бүрийг өөд нь татдаг. Би 1974 онд аравдугаар анги төгсөөд цэргийн албанд татагдаж Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 132 дугаар ангид хугацаат цэргийн албыг гурван жил хаасан. Энэ хугацаанд салааны захирагчийн орлогч, ахлах түрүүч цолтой байлаа. 1977 онд албаа хааж дуусгаад офицерын курст суралцаж төгсөөд 169 дүгээр ангид салааны захирагчаар томилогдсон. Үүнээс хойш салааны захирагчаас ЗХЖШ-ын ахлах офицер, ахлах мэргэжилтнээр 37 жил алба хаасан. Үүний 21 жилд нь анги салбарт ажилласан. 16 жилийг нь ЗХЖШ-т ажилласнаас сүүлийн гурван жилд нь Хуурай замын цэргийн командлалд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ч зэвсэгт хүчнээсээ салаагүй байна” хэмээн ярих энэ хүн бол бэлтгэл хурандаа С.Лхасүрэн юм.
Тэрээр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрж өссөн. Цэрэгт ирээд зенит хэмээх зургаан хүн ажиллуулдаг том бууны эрдэмд суралцсан нь түүний амьдралыг өөрчилжээ. Хэрэв цэрэгт яваагүй бол ямар мэргэжил эзэмших байсан бэ гэхэд хөдөө аж ахуйн мэргэжилтэн болох байж. Учир нь тухайн үеийн хөдөөний хүүхдүүд зоотехникч, малын эмч болохыг мөрөөддөг байлаа. Харин түүний хувь тавилан цэрэг болохоор зурагдсан ажээ. Тэрээр цэрэгт очоод офицерын курс төгсч ЗХУ-ын Одесс хотын цэргийн нэгдсэн дээд сургууль, Батлан хамгаалах удидлагын академид суралцаж мэргэжлээ дээшлүүлсэн. Сүүлийн хэдэн жил удирдах дээд байгууллагад ажиллажээ. 1996-2002 он хүртэл ЗХЖШ-т томилогдож Төрөл, мэргэжлийн цэрэг хариуцсан боловсон хүчний мэргэжилтнээр, 2002-2006 онд Хүний нөөцийн удирдлагын хугацаат болон гэрээт цэргийн алба хариуцсан мэргэжилтнээр ажилласан аж. Энэ нь хилийн, дотоодын, зэвсэгт хүчинд хэдэн цэрэг татаж, халах цэргийг орон нутагт нь яаж өгч, авах вэ гэсэн ажлыг хийдэг ажээ. Ажлын шаардлагаар 2005 оны сүүлээр ЗХЖШ-ын даргатай уулзахад Монгол Улсын зэвсэгт хүчинд хамгийн доголдолтой ажил бол цэргийн сахилга, дэг журам асуудал болж байна. Дадлага туршлагатай, удирдах арга барил сайтай болохоор танд энэ ажлыг хариуцуулж томилмоор байна гэсэн санал тавьснаар цэргийн албаны мэргэжилтэн албан тушаалд томилжээ. С.Лхасүрэн энэ албанд зургаан жил ажиллахдаа олон байгууллага, анги салбаруудын удирдлагатай, ЗХЖШ-ын хамт олон, яамны удирдлага, ХЭҮК, төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж зэвсэгт хүчний хэмжээнд гарч байсан сахилга, дэг журмын зөрчлүүдийг таслан зогсоосон байна.
Түүний үндсэн мэргэжил нь зенитчин. Энэ нь Монголын ардын армийн цэргийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг гэж нэг төрөл мэргэжлийн цэрэг байсан хэмээн нийтлэлийн баатар маань ярьж байлаа. 1990-ээд оноос хүйтэн дайн төгсгөл болж олон улсын харилцаа сайжирснаар Монголын ардын арми Монгол Улсын зэвсэгт хүчин нэртэй болж бүтэц, зохион байгуулалт, үүрэг чиглэл нь өөрчлөгджээ. С.Лхасүрэн гуай 2011 онд тэтгэвэртээ гарч 2012 оноос Зенитчдийн холбоо хэмээх төрийн бус байгууллагад нарийн бичгийн даргаар ажилласан байна. Энэ холбоо нь зенитчин мэргэжил эзэмшсэн ахмадуудын ахуй амьдрал, тэдний үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, залуу хойч үеийг хүмүүжүүлэх, сурч мэдсэнээ зааж сургах чиглэлтэй байгууллага аж. Энэ холбоонд таван жил ажиллаад 2017 онд Цэргийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн 80 жилийн ойг тэмдэглээд Хуурай замын цэргийн командлагчийн шийдвэрээр Хуурай замын цэргийн командлалын ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа ажээ. Тэрээр “Миний өнгөтэй, өөдтэй явах хань, гурван сайхан охины минь халамж, анхаарлын буянаар зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй сайн ажилласан. Хүний ажил үүрэг сайн байх хань, үр хүүхдүүдээс нь шалтгаалдаг” гэж байлаа.
1974-1996 он хүртэл үндсэн мэргэжлээрээ ажиллаад салааны захирагчаар хоёр, салбарын захирагчийг 13 жил хийсэн байна. Түүн шиг 13 жил салбарын захирагчийн албыг хашсан хүн Монгол Улсын зэвсэгт хүчинд байдаггүй ажээ. 1986 онд “Цэргийн алдар” медалиар шагнуулсан нь түүнд урам хайрласан бөгөөд олон одон, медалийг араасаа дагуулсан гэж байлаа. Түүний зарчим бол хариуцсан ажилдаа эзэн байх. Хэрэв муу ажиллавал анги салбарууд муу, сайн ажиллавал Монгол Улсын зэвсэгт хүчний анги салбар сайн байх тул энэ зарчмаар ажиллажээ. Хүний амьдрал арвин болохоор сайшаагдсан болон шийтгэгдсэн нь ч олон байх гэсэн юм. Хуурай замын цэргийн командлал 2009 онд байгуулагдсан. Монгол Улсын зэвсэгт хүчинд Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал гэж байгаагүй. Олон улсын жишгээр дэлхий нийтэд гараад НҮБ-ын мандатаар олон улсын байгууллагатай нэгдэж энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхэд дэлхийн жишигт дүйцсэн зохион байгуулалт шаарддаг юм байна. Үүний үндсэн дээр Хуурай замын цэргийн командлал байгуулагдахад Удирдлагын хэлтсийн ахлах офицер хэмээх албан тушаалд томилогдон цэргийн албыг хариуцсан ахлах мэргэжилтнээр гурван жил ажиллажээ. Шинэ байгууллага болохоор анхнаасаа хууль, дүрэм журмыг баримталж чадвал цаашдын ажил үйлс өнгөтэй өөдтэй байдаг. Тиймээс шинэ байгууллагаа өнгөтэй өөдтэй, дүрэм журамтай, хуультай, сахилгатай байлгахын төлөө бүгд хичээж ажилласан. Үүний хүчинд Хуурай замын цэргийн командлал хөл дээрээ зогсож бүрэн бэхжээд 2018 онд Төв аймгийн төвд командлалынхаа байрыг барьж өнгөрсөн онд ашиглалтад оруулсан гэж байв. Шинэ байр нь орчин үеийн цэргийн удирдлагын бүх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Анги байгууллагуудыг зохион байгуулалттай нэгдсэн удирдлагад оруулах тоноглогдсон системтэй, тайван болон байлдааны үед цэргийг удирдах нөхцөл бололцоог хангасан тохилог байр аж. Үе үеийн удирдлагууд нь өндөр мэдлэг, чадвартай хүмүүс байсан. Удирдлага сайн байвал аливаа бодлого төдий чинээ сайн байдаг. Монгол Улсын Зэвсэгт хүчин үе үеийн дарга нарыг бодлогоор багаас нь эхэлж бэлтгэдэг уламжлалтай. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд улстөржөөд бэлтгэгдсэн боловсон хүчнийг нь томилдоггүй. Гадны бэлтгэгдээгүй боловсон хүчнийг өндөр албан тушаалд томилдог гаж тогтолцоо үүсэх гээд байгаад харамсаж явдаг гэсэн юм. Уг нь цэргийн байгууллагыг улстөржүүлэх хамгийн буруу. Дэлхийн II дайн, хүйтэн дайны үед цэрэг, техник оролцсон байлдааны үед жанжин хүнийг буруу тавьбал сүйрдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд жанжнуудыг бодлогоор багаас нь бэлтгэхийн тулд их хэмжээний хөрөнгө зардаг байсан. Гэтэл өнөөдөр бэлтгэсэн жанжныг тавихгүй өөр хүнийг томилчихоор утгаа алддаг. Хэдийгээр мэдлэг боловсролтой, сургуулийг нь төгссөн ч төгс байж чаддаггүй. Тиймээс дор удирдлагад нь байгаа хүмүүсийн итгэх итгэл алдагдах хамгийн аюултай. Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагын босоо тогтолцоотой. Энэ тогтолцоонд дарга хүний үүрэг өндөр байдаг. Харамсалтай нь энэ тогтолцоог алдагдуулчих гээд байгаа нь буруу алхам юм. Монгол Улс олон жил оршин тогтнох учраас аюулгүй байдлаа батлан хамгаалах ёстой. Энэ үүргийг цэрэг хүн л гүйцэтгэнэ. Монгол Улс байгаа цагт цэрэг байгаад эх орноо хамгаалах нь дамжиггүй.
Одооны залуус цэрэгт явах дургүй биш. Цэргийн ангид янз бүрийн зөрчил гарлаа, тахир дутуу болголоо, амь нас нь эрсэдлээ гэсэн мэдээлэл их нөлөөлдөг. Хоёрдугаарт, цэрэгт явсан хүн зовж зүдэрдэг гэсэн үг шантрамтгай залуучуудад нөлөөлдөг шиг байна лээ. Өмнө нь цэргийн албыг гурван жил хаагаад ирсэн залуусаар дүү нар нь бахархаж, үлгэр дууриал авч цэрэгт явдаг байсан бол өнөөдөр халширдаг болж. Өмнөх үеэ бодвол алба хаах орчин, нөхцөл өөр болсон. Миний үеийн зенитчдийн эзэмшиж байсан зэвсэг, техник одоохондоо солигдоогүй байгаа гэв. Тэрээр “Зууны мэдээ” сониноор дамжуулан Монгол Улсын Зэвсэгт хүчнийхээ нийт бие бүрэлдэхүүн, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын хамт олонд, Хуурай замын цэргийн командлалын ахмад дайчиддаа, зенитчид, Зенитчдийн холбооны нийт дэмжигч гишүүддээ эрүүл энх, аз жаргалтай сайн сайхан байхын ерөөлийг дэвшүүлсэн юм.
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин