МХЕГ: Тусгай нислэгээр ирсэн бүх зорчигч, нисэх багийнхан болон мэргэжлийн хяналтын байцаагч нар тусгаарлагдсан

2020 оны 3 сарын 17

Arslan.mn

Берлин болон Сөүл хотоос агаарын тээврээр ирсэн иргэдэд болон албаны хүмүүст хяналт үзлэгийг хэрхэн хийсэн болон бүх зорчигчийг тусгаарласан эсэх талаар МХЕГ-аас албан ёсны мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар  " Нэгдүгээрт, 2020 оны гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлээс  нислэгээр 244 зорчигч ирсэн. Зорчигчдод бүгдэд хяналт хийсэн. 

244 зорчигчоос

  • 10-ыг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д шилжүүлсэн,
  • 50 зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт,
  • 184 зорчигчийг Энх саран сувилалд ажиглалтад шилжүүлэн тусгаарласан байгаа. Нийт 244 зорчигчийг тусгаарлалтад орууллаа.

Нислэгийн багийн нийт 12 ажилтан, мэргэжлийн хяналтын хоёр байцаагч нийт 14 хүнийг ажиглалтад аваад тусгаарласан байгаа.

Энэ рейсээр тухайн үед COVID-19-ийн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байсан. Харин эмнэлгийн байгууллагад шилжүүлсний дараагаар БНСУ-аас ирсэн хоёр иргэн шинжилгээгээр коронавирусийн халдвартай болохыг ЭМЯ мэдээлсэн.

Хоёрдугаарт, дараагийн тусгай үүргийн нислэг Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр нийт 231 зорчигч ирсэн. Эдгээр зорчигчид бүгд тусгаарлагдсан.

231 зорчигчоос

  • Нэг зорчигчийг ХӨСҮТ-д,
  • 47 ажиглалтын зорчигчийг мөн ХӨСҮТ-д,
  • 186 зорчигчийг "Амар" зочид буудалд шилжүүлсэн.

Нислэгийн багийн 9 хүнийг "Амар" зочид буудал тусгаарлаж, ажиглалтад оруулсан. 

Гадуур яригдаад байгаа шиг иргэдийг тээвэрлэн ирсэн хүмүүсийг тусгаарлаагүй гэдэг нь ташаа мэдээлэл юм. Бүх зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллага ЗӨСҮТ, ОБЕГ, ХӨСҮТ-тэй хамтран тусгаарлалтад оруулсан.

Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг зорчигчид манай байцаагч нар үзлэг хийх явцад халуунтай байсан. Тиймээс халуунтай, хоолой өвдсөн гэсэн шинж тэмдэг эрүүл мэндийн хуудас дээр бичигдэж, яаралтай дуудлага өгөн ХӨСҮТ-ийн түргэний машинд арын хаалгаар шилжүүлэн тус эмнэлэгт хүргэсэн байгаа. 

Гуравдугаарт, 2020 оны гуравдугаар сарын 16-ны дараагийн нислэг Токио-Улаанбаатарын нислэгээр 253 зорчигч ирсэн.

253 зорчигчоос

  • 25 сэжигтэй зорчигчийг ХӨСҮТ-д,
  • 56 зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт,
  • 53 зорчигчийг Парк hotel, 
  • 76 зорчигчийг Наранбулаг,
  • 46 зорчигчийг Жаргалантын сувилалд тусгаарлаад ажиглалтад авсан.

Нисэх баг болон үйлчлэгчийг Жаргалантын болон Энх саран сувилалд тусгаарлалтад авсан байгаа. 

Онгоцонд халдвар хамгааллын дэглэмийн дагуу хяналт тандалт хийсэн байцаагч нар нэгдүгээр зэргийн хамгаалалтын хувцсаа өмссөн. Онгоцны үйлчлэгч нар амны хаалт, хамгаалах комбинзоныг өмссөн. Нислэгийн явцад бүх зорчигчийн амны хаалтыг 2 цаг тутамд сольсон. 

Өнөөдрийн байдлаар гурван тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд бүгд тусгаарлагдаж, хяналтад орсон." гэв.

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614946
2 эможи
keyboard_arrow_up