ШӨХТГ-аас “Номин Тав трейд” ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгожээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78-р тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний нэрийн бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг ШӨХТГ болон холбогдох бусад төрийн байгууллагуудад үүрэг болгосон.
Тухайн чиг үүргийн хүрээнд ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч, зах худалдааны цэгүүдэд өдөр бүрийн хяналт шалгалт хийж байгаа юм. Өнөөдөр шалгалтын явцад илэрсэн зөрчил, түүнд холбогдох шийдвэрийг авч, мөн ААН-үүдэд ямар шаардлага мэдэгдэл хүргүүлсэн талаарх мэдээллийг хийлээ. Шалгалтаар дараах хэд хэдэн зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллажээ.
Гуравдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 16-ны өдөр "Номин Тав Трейд" ХХК буюу Улсын их дэлгүүрт махны үнийг нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд тус компани гуравдугаар сарын 10-ны өдрөөс хонины ястай махны үнийг нэг килограмм тутамд 1000-1500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, үхрийн цул махыг 3500 төгрөгөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон байна. Иймд улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь "Номин Тав Трейд" ХХК-д Зөрчлийн хуулийн дагуу 20 сая төгрөгийн мөнгөн торгууль оногдуулсан шийдвэр гаргажээ.
“Орос нефьт” компаниас шатахуун импортолж оруулж ирж байгаа ААН, байгууллагуудад шаардлага хүргүүлжээ
ОХУ-ын "Орос нефть" компаний гадаад хилийн үнэ 2020 оны гуравдугаар сард тонн тутамдаа А80 автобензин 539 ам доллар, АИ92 авто бензин 569 ам доллар, дизель түлш 566 ам доллар тонн болж өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад А80, АИ92 бензинүүд тонн тутамдаа 58 ам доллар, дизель түлш 86 ам доллараар тус тус буурсан байна. Ашигт малтмалын тосны газраас 2020 оны гуравдугаар сарын 10ны өдөр ирүүлсэн, Монгол Улсын хэмжээнд борлуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн дундаж үнийг түвшнээс А80 1730 төгрөг, АИ92 1835 төгрөг, дизель 2460 төгрөгөөр Улаанбаатар хотод борлуулагдаж байна.
Салбарын яам, агентлагуулын ашигладаг газрын тосны бүтээгдэхүүний импортын үнээс тооцсон жижиглэнгийн үнийн тооцоог ашиглан холбогдох тооцоог хийхэд литр тутамдаа А80 бензин 98 төгрөг, А92 бензин 194 төгрөг, дизель түлш 335 төгрөг ашигтай байгааг тогтоожээ. Иймд ШӨХТГ-аас гуравдугаар сарын 10-ны өдөр хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэн өөрийн харьяа болон орон нутгийн салбаруудад борлуулж буй бөөний болон жижиглэн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулж, бууруулж авсан арга хэмжээний талаарх мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэх тухай шаардлага бичгийг шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдэд хүргүүлжээ.
ШУУД ҮЗЭХ: