УОК: БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн шинэ коронавирусийн халдвар авсан гэх мэдээллийг тодруулж байна
БНСУ-д байгаа Монгол Улсын хоёр иргэн шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгджээ.
Тодруулбал, өчигдөр /2020.03.13/-ны Жун Ан Илбу сонинд гарсан мэдээнд “БНСУ-ын өвчин хяналтын төв, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр өнөөдөр /2020.03.13/еийн 00 цагийн байдлаар БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр гадаадын 60 иргэн халдвар авсан талаар мэдээлжээ.
Үүнд: БНХАУ-ын 38, АНУ-ын 7, Монгол Улсын 2, Вьетнамын 2, Аргентины 2, Австралийн 2, Тайландын 2, Польшын 1, Японы 1 хүн, Индонезийн 1, Узбекстаны 1, Малайзийн 1 иргэн тус бүр бүртгэгдсэн байна гэж мэдээллээ.
Энэ тухайд Улсын онцгой комиссоос тодруулахад БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр боллоо.
Мэдээлэл өчигдөр үдэш гарсан БНСУ-д ажлын цаг дууссан тул өнөөдөр өглөө албан ёсны мэдээлэл авахаар ажиллаж байгаа гэв.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.