БАЯН-ӨЛГИЙ: “Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эхлүүллээ
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар “Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх агрга хэмжээг энэ сарын 9-ний өдрөөс зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ нь гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлага төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах зорилготой.
"Оны эхний хоёр сарын байдлаар тус аймагт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдээгүй. Харин зөрчил үйлдсэн 20 иргэнийг шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчилж, 426 цагийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулсан. Иймээс дээрх арга хэмжээний хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, шторк бэлтгэн олон нийтэд хүргэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нөлөөллийн ажлууд зохион байгуулна" гэдгийг аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Арнагүл онцоллоо.
“Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: montsame.mn
|