Б.УНДАРМАА: “Хайр өвтгөгдөггүй” арга хэмжээ нь гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийг таниулах зорилготой
ЦЕГ-ийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс “ХАЙР_ӨВТГӨДӨГГҮЙ” арга хэмжээг эхлүүлсэн. Улсын хэмжээнд 2020 оны эхний 02 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 170 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 143 хэргээр буюу 45.7 хувиар буурсан бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1911 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48.7 хувиар, 1263 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 87.4 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байгаа. Тэгвэл тус аяны талаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар энэ тал дээр хэрхэн ажиллаж байгаа талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ундармаагаас тодрууллаа.
-ЦЕГ-аас зохион байгуулж байгаа “ХАЙР_ӨВТГӨДӨГГҮЙ” арга хэмжээний хүрээнд танай хэлтэс ямар ажлыг зохион байгуулж байна.
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн хувьд 2020 оны эхний 02 дугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 262 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 136 хувиар, 39 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 37 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байгаа.
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулагдаж байгаа “Хайр өвтгөгдөггүй” арга хэмжээ нь гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Тус урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ энэ оны 03 дугаар сарын 06- 27-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.
-Иргэдэд хандаж сэрэмжлүүлэг, уриалга хүргэвэл.
-Иргэд та бүхэн цагдаагийн болон бусад байгууллагаас зохион байгуулж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх аливаа ажил, арга хэмжээг өргөнөөр дэмжин оролцож, гэмт хэрэг, зөрчилгүй, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд хамтран ажиллаарай.
"Хайр өвтгөдөггүй" цахим аянд нэгдэж, өөрсдийн эрх зүйн боловсролоо дээшлүүлэхийг уриалж байна. Энэхүү аян нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ялангуяа ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, аюулгүй байдал зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.