Зургаан настуудыг сургах эсэхийг судлахаар болжээ
Зургаан настнуудыг сургах зөв эсэх талаар Засгийн газраас судлахаар болжээ.
Бүх нийтийн ерөнхий боловсролыг 12 жилийн хугацаанд олгодог тогтолцоонд шилжиж, ерөнхий боловсролын сургуульд элсэх насыг зургаа болгосон нь олон улсын боловсролын стандартад дөхөх алхам болсон ч манай нөхцөлд зарим бэрхшээл дагуулж байгааг тэд онцолсон байна.
Гэрээсээ хол, бие дааж амьдрах аргагүй балчир хүүхдээ даган эцэг эхийн аль нэг нь суурин газар бараадаж, өрх хуваагддаг нь гэр бүл салахад нөлөөлж байна. Иймд хөдөөгийн малчин өрхийн зургаан настай хүүхдэд боловсрол олгох оновчтой хэлбэр, зохион байгуулалт бий болгох талаар Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг Засгийн газраас хэлэлцэн дэмжээд Ерөнхийлөгчид уламжлахаар тогтжээ.
Нэгдүгээр ангийн сургалтыг эцэг эхийн сонголтод суурилан гэр бүлд нь түшиглэсэн хувилбараар явуулах, дотуур байранд суух зургаан настай хүүхдийг ахуйн зөв дадалд үлгэрлэн сургах асрагч-багш, олон чиглэлээр хөгжүүлэх, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх тусгай багш ажиллуулах, дотуур байранд тав тух бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авахаар зарлигийн төсөлд тусгасан байна.