Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлж байна
БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газар-Иммигрэйшний албаны мэдээгээр манай улсын 48,000 иргэн урт, богино хугацаагаар оршин сууж байна. Үүнээс хууль бусаар 17,000 иргэн амьдарч байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол, Солонгосын хооронд бүх шууд нислэгийг түр зогсоосон. Үүний улмаас БНСУ-д түр хугацаагаар байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцах хүсэлтээ ЭСЯ-нд илэрхийлж байна.
ЭСЯ иргэдийн санал, хүсэлтийг Гадаад харилцааны яаманд хүргүүлж, мөн Солонгос дах манай иргэдийн нөхцөл байдлыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Байдлын Комисст мэдээлж байна. Ялангуяа, иргэдээс тавьж буй нислэгийн асуудлыг ЭСЯ-наас Гадаад харилцааны яаманд тавьсан.
- Манай иргэдэд нэн түрүүнд тулгарч буй виз сунгуулах асуудлаар ЭСЯ Иммигрэйшн-тэй урьдчилан ярьж тохирсны дагуу богино хугацаагаар ирсэн манай иргэдийн визийг сунгаж байгаа. Хол муж, хотод амьдарч буй иргэдэд ЭСЯ-наас боломжтой туслалцааг үзүүлж байна. Одоогоор виз нь сунгагдаагүй гэсэн өргөдөл, гомдол иргэдээс ЭСЯ-нд ирээгүй байна. Хэрэв ийм асуудал байвал иргэн өөрөө тодорхой баримттайгаар ЭСЯ-нд хандах нь зүйтэй. ЭСЯ тухайн иргэний хүсэлтийг Иммигрэйшн-д албан ёсоор тавьж ярина. Та дараах холбоосоор мэдээлэлтэй танилцана уу. http://www.mongolembassy.com/index.php…
- БНСУ-ын Засгийн газар халдварын тархалтыг хяналтанд бүрэн байлгаж, бүх түвшинд хүн хүч, нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. БНСУ өдөрт 18,000 хүнд буюу 4.8 секунд тутам 1 өвчтөнд хурдавчилсан оношлогоо хийж буй нь дэлхийд өндөр түвшин бөгөөд нас баралт дэлхийд хамгийн бага буюу 0.6 хувьтай байна. Халдварын эрт үеийн шинжилгээ, оношлогооны боломжийг нэмэгдүүлэх зорилгоор автомашин дотроос шинжилгээ хийлгэх “Drive thru” аргыг нэвтрүүлж 10 минутад багтаан шинжилгээ өгч байна. Улс орнууд БНСУ-аас өөрийн иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаа одоогоор хийгээгүй байна. ЭСЯ-наас БНСУ-ын дотоод нөхцөл байдал, арга хэмжээний талаар БНСУ-ын Засгийн газрын эх сурвалжийн мэдээлийг фэйсбүүк, цахим хуудсаар иргэдэд тогтмол хүргэж байна.
- Монгол Улсын эрүүл мэнд, анагаах ухааны хүчин чадал сул, эдийн засгийн байдал амаргүй байгааг Иргэд та бүхэн бүрэн ойлгож, ухамсарлаж буй гэдэгт итгэж байна. Монголд тусгаарлах байр хамгийн хүнд асуудал болоод байгааг манай эрүүл мэндийн байгууллагууд хэвлэл мэдээллээр тогтмол мэдээлж байна. Харамсалтай нь Францад зочлоод ирсэн гадаадын иргэнээр дамжин манай улсад халдвар орж ирж, улс орон даяар хүнд нөхцөл байдал үүсээд байна. Энэ гадаадын иргэн нь 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг зөрчсөн нь тогтоогдсон.
- Өнөөдөр Монгол Улс, БНСУ аль аль нь онцгой байдлын өндөржүүлсэн байдалд шилжиж, энэ хүрээнд холбогдох хууль, журам үйлчилж байна. ЭСЯ-ны олон нийттэй харилцах сүлжээгээр дамжуулан нэр хаяг нь тодорхойгүй хаягаас улс орон, төр, засгийн нэр хүнд рүү илт халдсан, иргэдийг турхирсан, өдөөн хатгасан үг хэллэг хэрэглэсэн комментууд бичигдэж байгааг ЭСЯ анхааралдаа авч байгаа.
- Иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс төрсний бүртгэл, гадаад паспорт захиалга, буцах түр үнэмлэх захиалга, гадаад паспорт олголт, УБЕГ-ын лавлагааны үйлчилгээ, мөн гадаад паспорт захиалах, хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах, хүүхдийн виз мэдүүлэх, тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/, жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах, төрөл садангийн лавлагаа авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох итгэмжлэлийг ЭСЯ-наас цахимаар үзүүлж байна. Та дараах холбоосоор мэдээлэлтэй танилцана уу. http://www.mongolembassy.com/index.php…
Энэ үйлчилгээг иргэд ЭСЯ-нд ирэхгүйгээр түлхүү ашиглахыг зөвлөж байна. ЭСЯ-ны Консулын хэлтэс ачаалал ихтэй байгаа тул манай иргэд өөрт тулгарч буй асуудлаа тодорхой, баримттай ярьж, бичиж байвал богино хугацаанд оновчтой хариу өгөхөд чухал байна. Мөн амьдарч буй хот, утас, нэрээ үлдээвэл эргэж холбогдоход хэрэгтэй байна.
-Манай иргэд улс оронд үүссэн гэнэтийн, онцгой, хүнд нөхцөл байдалд иргэний хувьд ухамсартай хандаж, гол нь Монгол, Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй эрүүл мэндийн зөвлөмжийг мөрдөж, гар угаах зэрэг хувийн ариун цэврийг сайн сахихыг анхааруулж байна. Иргэдэд хамгийн ойрхон эрүүл мэндийн төв, эмнэлгийн жагсаалтыг фэйсбүүкт мэдээлсэн. Гадаадын иргэн коронавирусийн халдвар авсан тохиолдолд эмчилгээний зардлыг нь БНСУ хариуцна.
Хууль бусаар байгаа манай иргэд сэжигтэй шинж тэмдэг илэрвэл даруй эмнэлгийн тусламж авах шаардлагатай ба эмнэлэг тухайн хүний визийн талаар мэдээлэхгүй, баривчлахгүй гэдгийг БНСУ-ын Иммигрэйшн албан ёсоор мэдээлсэн болно.
Энэ ялдамд ЭСЯ-ны ажлыг дэмжиж, хамтран ажиллаж буй манай иргэд, байгууллагуудад талархал илэрхийлж байна.
ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС: 010-8205-3464
Пусан дах Консулын газар: 010-4966-710
Консулын зарим үйлчилгээг шуудангаар үзүүлж байна
БНСУ-д коронавирусийн халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ-ны Консулын хэлтсээс дараах төрлийн итгэмжлэл, иргэний бүртгэлийн үйлчилгээг түр хугацаанд дотоодын шуудангаар үзүүлнэ. Үүнд:
Итгэмжлэл:
- Гадаад паспорт захиалах;
- Хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах;
- Хүүхдийн виз мэдүүлэх;
- Тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/
- Жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах;
- Төрөл садангийн лавлагаа авах;
- Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос авна уу. http://www.mongolembassy.com/index.php…
Иргэний бүртгэл:
- Төрсний бүртгэл;
- Гадаад паспорт захиалга;
- УБЕГ-ын лавлагаа;
- Буцах түр үнэмлэх захиалга;
- Гадаад паспорт олголт.
Анхаарах зүйлс:
- ЭСЯ-ны цахим хуудас “www.mongolembassy.com”-ны “консулын үйлчилгээ” цэсээс дэлгэрэнгүй заавар, мэдээлэлтэй сайтар танилцаж, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, маягтаа үнэн зөв бөглөж, төлбөрийн хуудсыг хамт ирүүлэх;
- Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаар, иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг 02-790-625 дугаар утсаар холбогдож авах;
- Байр орон сууц, хадгаламж, банкны данс захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэлийг шуудангаар батлахгүй;
- БНСУ-ын Гёнги муж/경기/, Ганвөн муж/강원/, Умард, Өмнөд Чүнчөн муж,/충청/ Умард Чөнра муж/전라북/, Чэжү /제주/ тусгай бүсийн оршин суугчид Элчин сайдын яамны Консулын хэлтэст, Өмнөд Чөнра/전라남/, Өмнөд, Умард Гёнсан /경상/ мужийн оршин суугчид Бусан дах Консулын газарт хандана уу. Утас: (051)465-9996, 010-4966-7103 утсаар холбогдоно уу.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ