Э.Энхболд: Шийдвэр гарахаас өмнө нь орон нутгаас гараад хот руу ирж яваа иргэдээ бүх бүртгэлийг хийгээд нийслэл рүү оруулна
Улсын онцгой комисс өглөө хуралдаж, гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 цагт хүртэл улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах шийдвэр гаргасан билээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлээс орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байна. Алба хаагчид товчоодоос гадна зарим батлагдаагүй зам даваанууд дээр хөдөлгөөнт эргүүл гаргасан. Өөрөөр хэлбэл, Сар шинийн өдрүүдээр хийгдэж байсан хөдөлгөөний хязгаарлалтууд улсын хэмжээнд дахин хийгдсэн.
Энэ шийдвэр нь иргэдийг эрсдлээс хамгаалах, халдварт өвчний сэжигтэй тохиолдол бусад аймаг сумд руу тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй ажил гэдгийг ойлгож, хүндэтгэлтэй хандах шаардлагатай.
Нийслэл рүү орох хөдөлгөөний хувьд хэрвээ өчигдөр шөнө эсвэл үүрээр шийдвэр гарахаас өмнө нийслэлийг зорьж замд гарсан иргэдийг асуумж бөглүүлэн тандалт судалгааг хийж нийслэл рүү нэвтрүүлнэ. Гэхдээ нийслэлээс нэг ч иргэнийг гаргахгүй.
Мөн шийдвэр гарахаас өмнө хөдөө орон нутгийг зорьсон бол тухайн аймагтаа очоод тэндээ хязгаарлалтын хугацаа дуусах хүртэл буюу 16-ны 07:00 цаг хүртэл хязгаарлагдана. Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн сум, аймаг, дүүрэг, нийслэл тус бүрийн онцгой байдлын газрын даргын шийдвэрээр буюу зөвшөөрлийн бичгээр нэвтрэх үйл ажиллагаа явагдана." гэв.
Иргэдэд анхааруулж хэлэхэд аль болох олон хүнтэй газраар зорчихгүй байж, өнөө маргаашийн ганц нэг асуудлаас болж өөрийнхөө эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна." гэв .